Японы компани Украины дрон үйлдвэрлэгчид хөрөнгө оруулсантай холбогдуулан ОХУ эсэргүүцэл илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Японы нисгэгчгүй онгоцны технологийн компани Украины үйлдвэрлэгчид хөрөнгө оруулсантай холбогдуулан ОХУ-ын засгийн газар өчигдөр Москва дахь Япон улсын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлжээ.

Тус улсын гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко элчин сайд Акира Мутог дуудаж уулзахдаа энэ хөрөнгө оруулалтыг Оросын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн “дайсагнасан үйлдэл” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Элчин сайд Оросын талын эсэргүүцлийг няцаасан тухай гадаад хэргийн яамны эх сурвалж мэдээлжээ.

Токио хотод төвтэй Terra Drone Corp компани Украины Amazing Drones LLC компанид тодорхойгүй дүнтэй хөрөнгө оруулах болсноо гуравдугаар сарын 31-ний өдөр зарласан юм.

Хоёр компанийн хамтран хөгжүүлсэн агаарын довтолгоог эсэргүүцэгч дроны хурд 300 км/цаг хүрсэн нь Орос, Ираны зэвсэгт хүчний ашигладаг нэг чиглэлтэй довтлогч дроны 200 км/цаг хурднаас давсан үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: Kyodo News