Ж.Батдорж: Баянзүрх дүүргийн Усан спорт цогцолбор, 38а байрны орчимд маргаашаас борооны ус зайлуулах шугам угсарч эхэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугамыг угсарч, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж эхэлжээ. 10 хоногийн дотор нөхөн сэргээлт дуусах юм байна.

Борооны ус зайлуулах шугамыг шинээр угсрах ажлын талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж “Геодези, усны барилга байгууламжийн газраас гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн “Тэсо” компанийн урд талд чулуун зам дагуу 450 метр урт борооны ус зайлуулах шугам угсарч дууслаа. Өнөөдөр нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.

Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд 16 байршилд 19 км урт борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна.

Дөрөвдүгээр сарын 9-нөөс Баянзүрх дүүрэгт байрлах Усан спорт цогцолбор, 38а байр, Шар хадны хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийн тулд 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс 100 хүний бүрэлдэхүүнтэй 4 ээлжээр ажлын болон амралтын өдрүүдээр тасралтгүй ажиллаж байна. Тодруулбал авто замаар гаргалгаа хоолой гаргаж, гүүрэн хоолойгоор урсцыг сайжруулах ажлууд хийгдсэн. Борооны улирлаас өмнө борооны ус зайлуулах шугам сүлжээг угсрахаар төлөвлөж байна” гэв.

Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв орчмын борооны ус зайлуулах шугамын ажил ₮333.3 сая, 85А байр орчмын борооны ус зайлуулах шугамын ажилд 493.7 сая төгрөгийг Замын сангийн хөрөнгөөс зарцуулна.

Харин "Тэсо" ХХК-ийн урд талын чулуун замын борооны ус зайлуулах шугамын ажлын төсөв ₮286.9 сая байна.