Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны МӨНГӨН бүсийн төлөө тулалдана
Мэргэжлийн боксод мөрөө гаргаж буй монгол тулаанчдын нэг Э.Цэндбаатар ирэх сарын 1-нд WBC холбооны мөнгөн бүсийн төлөө тулалдахаар болжээ.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 10-нд ProBox холбооны хүрээнд ээлжит тулаанаа Тажикистаны боксчин Мухаммедхуча Ягубовтой хийхээр төлөвлөсөн ч өрсөлдөгч нь тодорхой шалтгааны улмаас тэмцээнээ цуцалсан юм. Үүний дараа манай боксчныг шууд бүсийн төлөө тулалдуулахаар болсныг Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв.
Тэгвэл ProBox-оос шинэ тулааны товыг өнөөдөр зарлалаа. Орон нутгийн цагаар тавдугаар сарын 1-ний Баасан гарагт АНУ-ын Мэрилэнд мужийн Хановер хотод манай тамирчин WBC холбооны бүсийн төлөө Барбадосын боксчин Кобиа Бредитэй тулалдахаар болсон аж.
Мэргэжлийн боксод 19 тулаан хийхдээ 18 ялсан Кобиа өнгөрсөн оны аравдугаар сард Гайанагийн Декстер Маркесийг гурван үеийн дараа хүнд цохилтоор ялснаар WBC холбооны мөнгөн бүсийг эзэмших болсон юм. Ирэх аравдугаар сард 35 нас хүрэх Кобиа улсаа төлөөлөн олимпод оролцож явсан нэгэн.
Боксчдын чансааг тодорхойлдог Boxrec Э.Цэндбаатар 14 ялсан үзүүлэлтээр 12-т жагсаж байна. Харин түүний өрсөлдөгч 68-д бичигдэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

