"Нефтийн бүтээгдэхүүний тухайн сарын дундаж үнээр дараа сарынх нь үнэ тогтдог"

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний талаар дараах мэдээллүүдийг өгөв. 

Энэ хаврын тариалалтад дизелийн түлшний хэрэгцээ 7,500 тонн байгаа ба үүнийг 10,000 тоннд хүргэж импортлогчдоосоо 3-р сард орж ирсэн үнээрээ авч нийлүүлэх гэрээтэй байгаа юм байна. 

АИ-92 Евро-2 стандартын бензин дээр үнийн өсөлт байхгүй. Дизель түлшний хувьд зах зээлийн нөхцөл байдлаас хамаарах зохицуулалттай байгаа аж. АИ-92 бензин хангалттай нөөцтэй үнийг хуучин хэвэнд нь барьж байгаа гэв.  

Дэлхийн 90 гаруй оронд түлштэй холбоотой хямрал нүүрлэж олон орон дотоод, олон улсын нислэгүүдээ зогсоож байгаа ба манай улсын хувьд онгоцны түлшний нөөц байгаа. Үнэ нь өсөж байна гэв. 

Мөн энэ жилийн хугацаанд 150,000 тонн буюу 21 хоногийн нөөцөө хадгалах хэмжээний нөөцийн савыг ашиглалтад оруулах зорилттой байгаа юм байна. 

Өнөө өглөөний байдлаар АНУ, Ираны хооронд 14 хоногийн гал зогсоох гэрээ байгуулсны үр дүнд нефтийн бүтээгдэхүүний үнэ 10-аад хувиар буурч байгаа аж. Маргааш өглөө огцом өсөхийг тааварлашгүй. Иймд энхийн хэлэлцээр яаралтай хийгдэж, ойрхи дорнодын бүс нутагт тайван цаг ирж нийт нефтийн бүтээгдэхүүний 20 хувийн тээврийг хариуцдаг чиглэлд ямар нэг доголдол үүсэхгүй болсон тохиолдолд оны төгсгөл рүү тогтвортой байдал ирнэ гэж харж байна гэв. 

Тухайн сарын 1-25-ны өдөр хүртэлх нийт өдөр бүрийн дунджаар дараа сарын үнэ тодорхойлогдож явдаг аж. Нэг өдөр нефтийн үнэ буулаа гээд шатахууны үнэд нөлөө багатай ба хэрэв энэ сарын үлдсэн 20-оод хоногуудад тасралтгүй үнэ буурвал дараа сард үнэ нь буурна гэсэн үг юм байна. 

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 50 гаруй хувьтай явж байгаа ба түүхий эдийн ханган нийлүүлэлтэд тусгай бодлого гарган ажиллаж байгаа аж.