Эдийн засгаа идэвхжүүлж ААН-үүдийг дэмжих зорилгоор энэ онд төлөвлөсөн төрийн 9,376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Монгол Улсын Засгийн газраас баталсан 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд 9,376 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын объектод хяналт шалгалт хийхээр байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цуцалжээ.
Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга бол эдийн засгийн сорилттой энэ цаг үед хянан шалгах гэхээс илүү эдийн засгаа идэвхжүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд онцлоод зарим барилгад сард 16 удаа шалгалт очсон байна. Шалгалтынх нь 50 хувь нь торгож байгааг шүүмжлээд төрийн зүгээс үзүүлэх хүндрэл, чирэгдлээс чөлөөлж, бизнес эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэжээ. Харин хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргээ төр хэрэгжүүлнэ гэв.
Салбарын хяналт шалгалтын нийт 31 чиглэлийг 11 яам, 3 агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлж, улсын хэмжээнд нийт 1,713 улсын байцаагч 112 хууль, 3,600 гаруй дүрэм, журам, 4,500 гаруй стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.
2024, 2025 онд хийгдсэн шалгалтуудаас харвал нэг байгууллагад жилд 30 гаруй удаа очиж шалгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
