Монголчууд нэгэн оноо үдэж, 2021 онтой золгох гэж байгаа энэ өдрүүдэд улиран өнгөрч буй 2020 онд тохиосон ОНЦЛОХ 20 үйл явдлыг бид эргэн сануулж байна.
2020 он зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн хувьд шинэ коронавирусийн халдвартай тэмцсэн сорилтын жил болон өнгөрч байгаагаараа түүхэнд тэмдэглэгдэх олон үйл явдал тохиожээ. Ирэх 2021 оныг шинжээчид өөдрөгөөр харж байна. Ялангуяа, цар тахлын нөлөөгөөр агшсан улс орнуудын эдийн засаг сэргэж, салбар бүрд өсөлт дэвшил ирсэн он болно гэсэн хүлээлт өндөр байгаа билээ.
БНХАУ-ын Ухань хотоос эхлэлтэй шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн улс орнуудад ээлж дараалан бүртгэгдэж, хил залгаа оршдог манай улсыг маш эрсдэлтэй хэмээн үнэлсэн. Засгийн газрын зүгээс урьдчилан сэргийлэх зорилгоор анх удаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжиж, нийслэлийн хэмжээнд үйлчилгээний газрууд, олон нийт цугладаг байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаснаар иргэд хүнсээ ихээр нөөцлөхөд хүрч, лангуунууд хоосров.
ОХУ-аар дамжин хил нэвтэрсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрснээр 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад COVID-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй зэрэгцээд гуравдугаар сарын 12-ны өдөр ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдварыг "Цар тахал" болсон гэдгийг албан ёсоор зарласан юм.
Тэр цагаас хойш Монгол Улсад гаднын улс орнуудаас зөөвөрлөгдсөн халдварын тохиолдлууд ар араасаа бүртгэгдэж, нийт 465 болоод байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Монгол Улс эхлээд БНХАУ хоорондын нислэг, төмөр замын зорчигч тээврийг бүрэн зогсоосон бол өвчний дэгдэлт эрчимтэй нэмэгдсэний улмаас бусад чиглэлийн нислэгүүдээ ч ар араас нь цуцалж эхлэв.
Улмаар манайд коронавирусийн халдвар бүртгэгдэж эхэлсэн тул Орос, Казахстан, Туркээс авахуулаад Монгол Улс хооронд хийх нислэгүүд бүрэн зогсож, гадаадад байсан иргэд эх орныхоо хилээр нэвтэрч чадахгүйд хүрсэн юм. Энэ нь гадаад улсад суралцдаг монгол оюутнууд болон гадагшаа түр хугацаагаар зорчсон олон мянган монгол иргэнд маш хүндээр нөлөөлсөн. Тиймээс гадаадад хүнд байдалд орсон иргэдээ татах уриалга, сошиал хөдөлгөөн, хил хаасныг эсэргүүцсэн жагсаал маш хүчтэй өрнөв.
2020 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх орондоо шилжүүлэн авах ажлыг Монгол Улсын Засгийн газар, ГХЯ-ны Консулын газар Хятадын талтай холбогдон зохион байгуулж, “МИАТ” ТӨХК Ухань хот руу тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэв.
Энэ бол Монгол Улс гадаад улс орнуудаас тусгай үүргийн нислэгээр иргэдээ авсан анхны тохиолдол байсан бөгөөд цар тахалтай холбоотойгоор бусад улс орноос иргэдээ эх оронд нь авчрах томоохон ажлын эхлэл байв. Ийнхүү өнгөрсөн хугацаанд 109 удаагийн нислэгээр 21 мянга орчим иргэнээ дэлхийн улс орнуудаас татан авсан бол авто зам болон явганаар авчирсан иргэдээ оролцуулбал 28 мянга гаруй хүн нутагтаа иржээ.
Коронавирусийн халдвар өмнөд хөршид анх бүртгэгдэн, дэлхий нийтийг түгшүүрт автуулаад байсан үе буюу энэ оны хоёрдугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албан ёсоор айлчилсан анхны төрийн тэргүүн болов.
Энэ удаагийн айлчлал очсон өдрөө буцах давчуу цагийн хуваарьтай байсан ч хоёр орны харилцаанд тодоор бичигдэх түүхэн айлчлал болсон юм. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д 30 мянган хонь бэлэглэхээ мэдэгдсэн нь найрсаг хөршийн харилцааг бататгахын зэрэгцээ талархал хүлээсэн явдал болов.
Төрийн тэргүүн айлчлалаа өндөрлүүлээд халдвар хамгааллын дэглэм сахин тусгаарлагдсан бөгөөд бэлэгний хонийг аравдугаар сард амьдаар нь Хятадын талд хүлээлгэн өгсөн билээ.
Цар тахлын үед хөрш орны хувьд манай улс болзошгүй аюулаас сэргийлэхээр яаралтай арга хэмжээ авсны нэг нь бүх шатны боловсролын байгууллагыг танхимаар хичээл сургалтаа явуулахыг хориглох байв.
Улсын Онцгой комиссоос 2020 оны нэгдүгээр сарын 24-нд уг шийдвэрийг гаргаснаар Монгол Улсын боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилийн хагаст нь анх удаа цахимаар болон теле хэлбэрээр сургалтаа явууллаа.
Дотооддоо COVID-19-ийн халдвар бүртгэгдээгүй улс орнууд боловсролын үйл ажиллагаагаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үргэлжлүүлэхийг НҮБ улс орнуудад уриалсаар байв.
Хэдийгээр манай улсын теле хичээлийг үлгэр жишээ зохион байгуулж байгааг дурдаж байсан ч НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар сурагчдын 16% орчим нь теле хичээлийг хангалттай хэмжээнд үзэх боломжгүй байсан бол 57% нь ойлгомжгүй байсан гэж сурагчид үнэлсэн юм.
Эдийн засаг дахь цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газар хамгийн түрүүнд 6 их наяд төгрөгийн өртөг бүхий хөтөлбөр хэрэгжүүлэв.
Энэ хүрээнд анх удаа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн мөнгийг хагас жилийн хугацаанд тэглэх, үйл ажиллагаа нь зогссон ААН-үүдийн ажилчдад 200 мянган төгрөгийн тэтгэмж олгох, Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох зэрэг шийдвэрүүдийг гаргасан юм. Энэхүү шийдвэрийн дүнд 567 мянган хүн, 38.4 мянган ажил олгогч НДШ-ээс чөлөөлөгдөж, 7,200 ААН-ийн 80.5 мянган хүн 200 мянган төгрөгийг гурван сар авсан бол хүнсний талон, халамж зэргийг хоёр дахин нэмэгдүүлж олгов.
Мөн ипотекийн зээлийн төлөлтөө 38.2 мянган иргэн хойшлуулсан нь өрхийн хувьд томоохон дэмжлэг болсон юм.
Улирч буй он бороо хур ихтэй байлаа.
Нийт нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас томоохон гүүр, авто зам эвдэрч, орон нутагт авто машины зорчих хөдөлгөөн хаагдав. Ингэснээр Улаанбаатараас Увс, Баян-Өлгий аймгаар аялж, амарч байсан 500 гаруй иргэн Увс аймгийн Сагил, Түргэн сумын нутаг дэвсгэрт усанд боогдсон юм.
Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээллээр, энэ онд нийслэл хот болон 18 аймгийн нутагт 64 удаагийн үер буужээ. Үүний улмаас 8,898 мал хорогдон, 632 барилга байгуууламж эвдэрч, нийтдээ 4.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Дэлхийг нөмөрсөн цар тахлын улмаас монгол түмэн Цагаан сарын баярыг гэр бүл дотроо тэмдэглэн өнгөрүүлсэн бол Үндэсний их баяр наадмыг түүхэндээ анх удаа үзэгчгүй тэмдэглэж, цахимаар үзэж сонирхсон юм.
Үндэсний их баяр наадмыг 13 дугаар зуун цогцолборт үзэгчгүйгээр зохион байгуулж, нээлтийн ажиллагааг Монголын Телевизүүдийн холбоо шууд дамжуулсан.
Тэгвэл дотоодод халдвар гарсантай холбоотойгоор шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосноор монголчууд бүгд 2021 оныг гэр гэртээ угтах гэж байна.
Дархан-Уул аймагт нэг айлын гурван хүүхэд гэртээ амиа алдсан харамсалтай хэрэг гарч, нийгмийн уй гашуу тайлагдаж амжаагүй байхад тавдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан халианд тоглохоор очсон өсвөр насны дөрвөн хүүхэд живж эндсэн юм.
Оны эхний хагаст л гэхэд зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж, 29 хүүхэд амиа алдсан. Тэдний 12 нь 8 сартайгаас 8 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд гэрийнхээ хашаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед мөргүүлж амь насаа алдсан харамсалтай тоо баримт ар араасаа хөврөв.
Аравдугаар сард СХД-т 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа алдсан бол энэ сарын 17-ны өдөр БЗД-т мөн л 4 болон 6 настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, эндлээ.
Хүүхдүүддээ тоглох орчныг нь ч бүрдүүлж өгч чадахгүй, хамгийн аюулгүй байх ёстой гэр бүлд нь тэднийгээ гэмтэж бэртэж, амь насаа алдахад хүргэж байгаа нь туйлын харамсалтай.
COVID-19 цар тахалтай холбоотойгоор дотоодын аялал жуулчлал эрчимжсэн жил байв.
Долдугаар сарын 9-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос 330,000 тээврийн хэрэгсэл орон нутгийн замд гарсан нь өмнөх оноос гурав дахин өссөн үзүүлэлт болсон. Харамсалтай нь энэхүү хөдөлгөөнийг дагаад наадмын амралтын тэрхүү зургаан хоногийн хугацаанд ослын улмаас 25 хүн(23 нь орон нутагт, 2 нь нийслэл хотод) амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав.
Манай улсад жилд дунджаар 500 хүн зам тээврийн ослын улмаас нас бардаг гэсэн статистик бий. Тиймээс хүн амь насаа алдах осол ихээр бүртгэгддэг орон нутгийн замд "Яараад яахав дээ" аяныг 2019, 2020 онуудад зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд 2020 онд зам тээврийн ослын тоо 40% буурсан эерэг үр дүн гарсан юм.
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших найм дахь удаагийн парламентын сонгуульд хамгийн олон буюу 606 нэр дэвшигч өрсөлдөв. Сонгуулийн дүнгээр МАН үнэмлэхүй олонх буюу 62 суудал авсан бол АН 11, Та бидний эвсэл, Зөв хүн электорат болон бие даагчдаас тус бүр нэг хүн сонгогдсон юм.
Улс төр судлаачдын таамаглаж байсанчлан эрх баригч нам дахин олонх болсон нь нэг талаар иргэдийн хүлээлтийг талаар болгосон бол нөгөө талаас төрийн бодлогын залгамж чанарыг үргэлжлүүлэн, улс төрийн тогтвортой байдлыг хангах эерэг тал бий болсон.
Энэ удаагийн парламентад нас, жендерийн хувьд өмнөх парламентаас хол зөрүү гараагүй ч мэргэжлийн хувьд эдийн засагчид олноор орж ирснээрээ онцлог байв.
Ямартай ч дэлхий нийтийг хамарсан цар тахал эрх баригч намд багагүй ачаа үүрүүлээд байгаа билээ.
УИХ-ын гишүүний бүрэн эрх тэднийг бүтэн хамгаалж чаддаггүйг өнгөрөгч сонгуулийн үеийн дуулиан батлав.
УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэвээр байсан Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарыг парламентын сонгуулийн өмнө албан тушаалын хэрэгт буруутган баривчилсан. Тэд УИХ-ын сонгуульд нэр дэвшин, цагдан хоригдох хугацаандаа сонгуулийн сурталчилгаагаа явуулсаар байсан ч Н.Номтойбаяр парламентын гадна үлдэж, харин Ж.Эрдэнэбат дахин сонгогдсон юм. Гэвч сонгуулийн дараа тэдэнд шүүхээс ял оноосон бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өнөөдрийг хүртэл хоригдож байна.
Мөн Оюутолгой төсөлтэй холбоотой олон улсын гэрээ байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон С.Бямбацогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт анхан шатны шүүхээс 4-10 жил хорих ял оноосон бол Ерөнхий сайд асан С.Баярт таван жил хорих ял оноосон. Давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг хөнгөрүүлээд байгаа билээ.
ЖДҮХС-гаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчин зээл авсан УИХ-ын экс гишүүдэд шүүхээс ялгаатай ял шийтгэл оногдуулав.
ЖДҮ эрхлэгчдэд очдог нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн болон бусад УИХ-ын гишүүн, өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд олгоход нөлөөлсөн гол эзэн болох ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Ийнхүү торгоод өнгөрсөн нь түүнийг анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул прокуророос ийн яллах санал гаргасны дагуу шүүхээс шийдсэн гэсэн тайлбар өгсөн.
УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2.5 жил хорих ял оногдуулсан ч давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг гурван жил хорих ял оноосон бол Д.Дамба-Очирт 3.5 жилийн хорих ял оногдуулсан.
Харин УЕПГ-аас 2019 онд УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах санал оруулж байсан дөрвөн гишүүний нэг болох Л.Энхболдын хэрэг шүүхэд шилжээгүй л байна. Түүнийг "Эрдэнэс Монгол"-ын дэд захирлаар томилуулахаар яригдаж байгаа билээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, анх удаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн.
Ингэснээр монголчууд анх удаа байгалийн баялгаасаа ногдол ашиг хүртсэн. Тус компанийн хувьцаа эзэмшигч 2,512,768 иргэн, 486 ААН-д ногдох нэгж хувьцаанд нь 90₮ буюу нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус компани олгов.
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сард болж, 9 дүүргийн хэмжээнд МАН 200 суудал авснаар мөн л ялалт байгуулав.
Энэ удаа нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчийн талаар иргэд маш өндөр хүлээлттэй байсан юм. Харин ялалт байгуулсан нам Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг намаа ялуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн үнэлж, Улаанбаатар хотыг захирах хариуцлагатай албанд томилов.
Ийнхүү тэрбээр УИХ-ын гишүүнээс хотын дарга болсон анхны хүн, Улаанбаатар хотын 35 дахь захирагч болов.
Монгол Улс дотооддоо халдвар алдахаас арван сар сэргийлсний эцэст 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр тусгаарлалтаас гараад дөрөв хоносон олон улсын автотээврийн жолоочоос COVID-19 илэрч, анхны голомт бий болов.
Ийнхүү хүн амын дунд халдвар гарсан тул Гамшгаас хамгаалах хуулийнхаа дагуу Монгол Улс анх удаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Улмаар Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг хааж, чухал үүрэг бүхий 13 салбараас бусад байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоож, иргэдийг хүнс авахаас өөр зорилгоор гэрээсээ гарахыг хориглон, хатуу хянаж байсан ч цар тахал аль хэдийн нийслэлээс гадна таван аймгийн хэмжээнд тархсан байв.
Сар орчим үргэлжилсэн хөл хорионы үеэр голомтуудыг цомхтгон дарж, дэглэмийг бууруулсан ч хоёрхон хоногийн дараа БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт шинэ, том голомт үүссэн нь нийслэлчүүдийг дахин 14 хоног хатуу хөл хорионд ороход хүргэсэн тул нийслэлчүүд 2021 оныг хорио цээрийн дэглэмд угтах нь.
Монгол Улс 2020 оны аравдугаар сарын 24-нд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарав. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо хангалтгүй байсан манай орон энэ хүрээнд үл хөдлөх хөрөнгө зуучлал, алт, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчид зэрэг өмнө нь бүртгэлгүй байсан, мөнгө угаах эрсдэлтэй салбаруудаа хяналтдаа оруулж авсан.
Түүнээс гадна Европын комиссын “Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд Европийн Холбоотой хамтран ажиллах шаардлагатай улсуудын жагсаалт” буюу Европын Холбооны хар жагсаалтад орсон байснаа монголчууд ГХ-ны сайдынхаа жиргээнээс олж мэдэв. Харин уг жагсаалтаас 2020 оны аравдугаар сарын 6-нд гаргах шийдвэрийг ЕХ-ны Сангийн сайд нар шийдвэрлэснээр манай улс санхүүгийн хоригуудаас ангижрав.
Эдийн засгийн өсөлт 2-3 улирал дараалан хасах үзүүлэлттэй гарвал “хямрал” бодитой нүүрлэсэн гэж үздэг. Тэгвэл ДНБ 2020 оны эхний гурван улирал дараалан -10.7%-аас - 7.3% хүртэл агшсан нь 2009 оноос хойших хамгийн муу үзүүлэлт юм.
Арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарав. 2020 оны төсвийн орлого 700 тэрбум төгрөгөөр тасраад байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн. Гэвч нөхцөл байдал ийм байсан ч төсвөө тодотгохгүй гэдгээ илэрхийлсээр дараа онтой золгох гэж байна.
Цар тахал дотоодод гарсны дараа Засгийн газраас нийт өрх болон зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг төрөөс даах шийдвэр гаргав.
Түүнчлэн шахмал түлшний үнийг 75% хүртэл хямдруулсан юм.
Энэхүү хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийг "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс ТТ" компаниудаас гаргахаар болсныг зарласан бөгөөд баялгийнхаа хувийг хүртэж байгаа хэрэг хэмээн Ерөнхий сайд тайлбарласан юм. Эдгээр шийдвэр нь өмнөх шийдвэрээсээ илүү бодитой дэмжлэг болсон хэмээн олон нийт үзэж байгаа бол бизнесийн санхүүжилтэд дэмжлэг болсон Засгийн газрын манлайлал үгүйлэгдсээр байгааг мэргэжлийн байгууллагууд хэлэв.
“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ статустай болсноор 2020 онд улс, орон нутгийн төсөвт нийт нэг их төгрөг анх удаа хуримтлуулсан амжилт гаргасан. Гэвч төрийн өмчийн тансаглал, тендер болон улстөрчдий хамаарал өндөр байгааг тус үйлдвэрийн Шилэн дансны гүйлгээнүүд ил болгосон. Зөвхөн "Эрдэнэт"-ээр тогтохгүй ТӨК-ууд төсвийн хөрөнгийг үргүй зарж байгаа нь эхнээсээ илчлэгдсээр байна.
Монголын эдийн засгийн бас нэгэн томоохон хөдөлгөгч хүч болсон Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид нэгдсэн ойлголтод хүрээгүй л байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөж, хугацаа хойшлох нь тодорхой болж, нэмэлт санхүүжилтийг алтаа урьдчилан борлуулах замаар шийдэх хувилбарыг TRQ болон Рио Тинто ярьж байх зуур Монголын ТЕГ-аас ОТ компанид дахин 228 сая ам.долларын акт тавив.
Шаардлагатай бол Дубайн гэрээг цуцлах саналтай байгаагаа Засгийн газар илэрхийлээд буй.