Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

"ЖДҮ-чин", УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг шүүх хурал хэзээ вэ?

Б.Ану
2020 оны 8 сарын 17
iKon.MN
 

2018 оны намар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тоносон УИХ, Засгийн газрын гишүүд бусад улстөр, төрийн өндөр албан хаагчдын мэдээллийг бид олон нийтэд цувралаар танилцуулсан билээ.

Эдгээр дотор УИХ-ын гишүүн гэхэд 16 хүн байв.

Тухайн үед УИХ-ын гишүүнээс бусад хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлж хариуцлагыг тодорхой хэмжээнд тооцсон.

Тухайлбал, Засгийн газрын хоёр гишүүн буюу хоёр сайд огцорсон нь Б.Батзориг, Я.Содбаатар нар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөөгүй ч сайдын албан тушаалаа өгсөн бол Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнг мөн шалтгаанаар огцруулсан билээ.

Түүнчлэн УИХ, Засгийн газрын харьяа байгууллага болох Үндэсний аудитын ерөнхий газрын дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Улсын Ерөнхий прокурорын газрын дэд дарга нарыг огцруулсан бол өнөөдрийг хүртэл огцроогүй хүн бол Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанийн захирал Д.Баярсайхан байгааг бид сануулсаар буй.

ЖДҮХС-г тоносон төрийн өндөр албан тушаалтнууд болоод сонгуульт хүмүүсийн нэрийг зарлаж байхад 2019 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас (МУЕПГ) дөрвөн гишүүнийг эгүүлэн татах санал оруулж ирсэн нь Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар байв.

УИХ эдгээр 4 гишүүнийг шившигтэйгээр авч үлдсэн билээ.

Нэгэнт хэрэг үүссэн учир 4 хүний хэрэг гишүүний бүрэн эрх нь байхгүй болсон энэ цаг үед дахин сөхөгдөж, шүүхээр эцэслэгдэж байна.

ЯЛ АВСАН УИХ-ын гишүүд

2019 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал яригдаж байхад дараах 4 хүний гэмт хэргийг МУЕПГ-аас танилцуулж байсныг дахин хүргэж байна.

Албан тушаалаа урвуулан ашигласан гэгдэх Д.Дамба-Очирын шүүх хурал энэ сарын 19-н хүртэл хойшлогдоод байна

 
Гэрэл зургийг mpa.mn

 “2018 оны тавдугаар сарын 14-нд “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байвал бий болгосон гэх эрүүгийн хэргийг АТГ, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын байгууллагаас хяналт тавин ажилласан.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж  байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-нд “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхжүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.

УИХ-ын гишүүний 2018 оны зургаадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг 2018 оны наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх тохиролцсон хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна гэсэн албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гийн албан тушаалтнуудыг журам зөрчиж, зээлийн гэрээ байгуулахад хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэж МУЕПГ мэдэгдэж байжээ.

Өнөөдрийн байдлаар гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 19-ний 09:00 цаг хүртэл хойшлуулаад байна.

Шалгаруулалтаас хасагдаад байсан хэрнээ албан тушаалаа ашиглаж зээл авсан Б.Ундармаа 2.5 жилийн ял авав

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Их Хурлын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдөр А/131 дугаартай тушаалаар “Доктор МЭИК” компанид 800 сая төгрөгийн санхүүжилт олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын Газраас хяналт тавин ажилласан.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн талаар МУЕПГ газар мэдэгдэж байжээ.

Улмаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 6 сараар хорих ял оноогоод байна.

Ингэхдээ нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасах шийдвэрийг мөн гаргасан юм.

Албан тушаалаа урвуулан ашигласан Г.Солтанд 3 жилийн ял өгөөд байна

 

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажилласан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон, ЖДҮХС-ийн албан тушаалтнуудыг зээл олгох журмаа зөрчиж зээл олгоход хүргэсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэж МУЕПГ мэдэгдэж байжээ.

УИХ-ын гишүүн Г.Солтанд нээлттэй хорих ангид 3 жил хорих ялаар шийтгээд байна.

Л.Энхболдыг хэзээ шүүхэд дуудах вэ?

 
Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдрийн байдаар МУЕПГ-аас УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах санал оруулж байсан 4 гишүүний 2 нь ял авч, нэгийнх нь шүүх хурал хойшлоод байгаа бол шүүх хурал нь хэзээ болох нь тодорхойгүй нь Л.Энхболдын хэрэг байна.

Л.Энхболдын хэргийг эргэн сануулбал, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажилласан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэж МУЕПГ мэдээлж байжээ.

Дээрх дөрвөн хүнтэй үгсэн хуйвалдсан гэгдээд буй УИХ, Засгийн газрын гишүүн асан Б.Батзоригт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгээд буй.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ингэснээр өнөөдрийн байдлаар шүүхээс ЖДҮХС-тай холбоотойгоор өндөр албан тушаалтай Б.Батзориг, Б.Ундармаа, Г.Солтан нарын 3 хүн ял авч нэг нь шүүхийн шатандаа явна.

Харин ЖДҮХС-гаас зээл авсан бусад УИХ-ын гишүүн аснууд болоод албан тушаалтнуудад ял оноох эсэх нь тодорхойгүй байна.

Авлигатай Тэмцэх Газар, Улсын Ерөнхий Прокурорын Ерөнхий газар үүн дээр амаа нээх цаг нэгэнт болж.

ЖДҮ санг хамтран тоносон УИХ-ын зарим гишүүн сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж улс төрийн шийтгэл хүлээсэн бол зарим нэг нь бүр албан тушаал ахин шагнуулаад байна.