Индэр    
2020 оны 3 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

ЖДҮХС-аас хамгийн өндөр буюу ₮3.3 тэрбумын зээл авсан УБЦТС-ын захирал Д.Баярсайхан ажлаа хийсээр байна

Зураг

2018 оны намар iKon.mn Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн болон сонгуульт албан тушаалтнууд мөн төрийн өмчит компанийн захирлуудын баримтыг дэлгэсэн билээ.

Эдгээр баримт, мэдээний мөрөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Г.Батзоригийн хэргийг шүүхэд шилжүүлээд байгааг бид өчигдөр мэдээлсэн.

iKon.mn сайтын дата сурвалжлагаар төрийн болон сонгуульт албан тушаалтан 25 орчим зарласны 14 нь УИХ-ын гишүүн, хоёр сайд, нэг дэд сайд байгаа.

Өнөөдрийн байдлаар хариуцлага тооцсон болон зээл авсан шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн дараах хүмүүс байна.

Үүнд:

Сайдын албан тушаал:

  • ХХААХҮ-ийн сайд Г.Батзориг
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар

Дэд сайд:

  • Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн

УИХ-ын харьяа байгууллага:

  • Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар
  • Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар

Засгийн газрын харьяа:

  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор
  • Барилгийн хөгжлийн төвийн ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нар байгаа юм.

Харин энэ дунд ажлаа өглөө гэдэг мэдээллийг гаргасан ч өнөөдрийг хүртэл албан тушаалаасаа чөлөөгдөгдөөгүй байгаа хүний нэг бол Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанийн захирал Д.Баярсайхан байгаа юм.

Д.Баярсайхан нь бидний эрэн сурвалжлагаар ЖДҮХС-гаас зээл авсан төрийнхөн дундаа хамгийн өндөр буюу 3.3 тэрбум төгрөгийн зээл авсан нэгэн билээ.

Хариуцлага тооцогдоогүй үлдсэн бас нэг бүлэг хүн бол мэдээж УИХ-ын гишүүд ба Ерөнхий сайд байна.

Анх удаа хэрэг нь шүүх рүү шилжсэн нь Г.Батзоригийн хувьд УИХ-ын гишүүн гэхээс сайд байсны хувьд шалгагдаж буй. Харин 2019 оны нэгдүгээр сард нэр бүхий УИХ-ын дөрвөн гишүүнийг эгүүлэн татах санал УЕП оруулсан ч амжилтыг эс олсон.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд хариуцлага тооцох битгий хэл албан тушаал, томилгоо нэмж авсан хүн нь МАН-ын залуучуудын байгууллагын тэргүүн болсон Н.Учрал юм.

Үүнээс харвал эрх баригч МАН олон нийтийн боломжийг хулгайлсан ЖДҮХС-ийн зээлдэгч нартаа хариуцлага тооцох эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Хамгийн гол нь зээл авсан нь тодорхой болсон хэсэг хүн дээр дурдсанчлан албан тушаалаасаа чөлөөлөгдчихөөд байхад УИХ-ын бусад гишүүний хэрэг яагаад өдий хүртэл дарагдав?

 

Тэд хүн биш болчихсон юм уу?

Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг бол 14.1-т "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэсэн байдгийг сануулах юун.

Үнэхээр тэд хүн биш болсон бол УИХ-ын сонгуулиа урагш татах уу?