Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын зарим иргэн Энэтхэгт малын тэвшинд хонож байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн гэр бүлийнхэн өнөөдөр Засгийн газарт хүсэлт хүргүүллээ.

Тэд Улсын Онцгой комиссоос БНЭУ руу тусгай үүргийн нислэг хийж, хүнд байдалд байгаа иргэдээ татахыг хүссэн албан бичиг өгсөн юм.

"Манай улсаас Энэтхэгийн Засгийн газарт иргэдээ татах талаар нэг ч удаа хандаагүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мэргэжил дээшлүүлэх сургалтаар тус улсыг зорьсон гэх иргэний эгч хэлэхдээ "Манай дүү мэргэжил дээшлүүлэх семинарт суухаар өнгөрсөн хоёрдугаар сард тус улсыг зорьсон.

Тэнд байгаа монгол иргэд үнэхээр хүнд байдалд байгаа. Тэр талаараа ч сошиал орчинд бичицгээж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Зарим хүн бүр малын тэвшинд ч хонож байна гэж байна.

Уг нь Энэтхэгийн Засгийн газраас манай улсын Засгийн газрыг зөвшөөрвөл онгоц гаргаж өгч болно гэсэн юм билээ.

Харамсалтай нь Монголын Засгийн газраас иргэдээ тус улсаас татан авах талаар нэг ч удаа хандаагүй учраас боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Нэгэнт манай улс өөрөө онгоц гаргаад иргэдээ авчрах боломжгүй бол ядаж Энэтхэгийн Засгийн газарт хандаад өгөөч гэсэн хүсэлтийг өнөөдөр шийдвэр гаргагчдад хүргүүлээд байна.

Өнөөдрийн өгсөн хүсэлтийн маань талаар УОК хуралдаж, ямар нэг шийдвэр гаргана гэж найдаж байна" хэмээн ярив.

"Хүннү эйр компани Энэтхэгээс иргэдээ авчрах боломжтой гэдгээ мэдэгдсэн"

Иргэн н.Дэмбэрэл “Тус улсад визийн хугацаа нь дууссан хүмүүсийн хувьд, хатуу карантинд орчихсон учраас визээ сунгуулах боломж, нөхцөл алга.

Хамгийн гол нь ийм байдалтай байхад виз нь дуусангуут л байрнаасаа гаргачихдаг. Манай хүүхэд л гэхэд Бангалор хотод гуравдугаар сарын 25-наас хойш карантинд орж гэрийн хорионд байгаа.

Тухайн хотод өвчлөл өндөр тархсан учраас бүх юм хатуу хяналтад орж, гэрээсээ гарч интернэтээ ч сунгуулах боломжгүй боллоо. Удахгүй визийнх нь хугацаа дуусахад очих газаргүй болчих гээд байна.

Хүнсний хувьд цагийн хуваарийн дагуу хүнсээ бэлдэж болж байгаа гэсэн ч тэнд үнийн хөөрөгдөл бий болсон. Түүнээс гадна тус улсад усны асуудал нь маш хүнд. Хүнснээс  түрүүлж усны хомстолд орох эрсдэл их байна.

Уг нь "Хүннү эйр" компани нислэг хийдэг газруудаараа дамжин тус улсад очиж, нэг хүнээ 1,000 долларт багтаан авчрах боломжтой гэдгээ мэдэгдсэн. Хүсэлтээ тэд УОК-т тавьсан гэсэн боловч одоо хүртэл хариу өгөөгүй байгаа гэсэн" гэлээ.

"Хүнд байдалд орсон иргэдээ авчирна гэсэн нь бодит байдал дээр хэрэгжихгүй байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэн С.Адъяадорж “Би бол БНЭУ-д суралцаж буй лам хүүхдүүдийг төлөөлж энд ирсэн. Учир нь манай дүү тус улсын шашны сургуульд сурдаг. Түүнтэй хамт 300 орчим хүүхэд суралцаж байна. Тэд бүгд л эх орондоо ирэх юмсан гэсэн хүсэлтэй хүүхдүүд.

Тэднээс гадна тус улсад эмчилгээ, хийлгэж байгаад гацсан, эсвэл сургууль нь амраад тэнд хэцүү нөхцөлд орсон олон хүн бий. Тэднийг эх оронд нь ирүүлэх тал дээр ямар нэг арга хэмжээ авахыг хүсэж байна.

Уг нь анх өвчин, зовлонтой хүнд байдалд орсон иргэдээ тусгай нислэгээр авчирна гэж ярьж байсан. Гэвч үнэндээ энэ нь бодит байдал дээр хэрэгжихгүй байна.

Ирж байгаа хүмүүсийн зарим нь ар өврийн хаалгаар ирчихээд хоолны хэрүүл хүртэл хийж байна.

Үнэхээр зовж, зүдрээд нутагтаа ирсэн хүн энд ирээд хоол унд муутай байсан ч хэрүүл хийлгүй тусгаарлалтын хугацаагаа хүлээгээд байх байсан нь тодорхой” гэв.

"Манай дүү хоёрдугаар сарын 8-нд Засгийн газрын тэтгэлгээр Энэтхэг улсыг зорьсон"

Иргэн П.Болортуяа “Нефтийн үйлдвэрийн 20 инженерээ Монголын Засгийн газар мэргэжил дээшлүүлэхээр тэтгэлгээр бэлдэж буй.

Энэ шугамаар манай дүү хоёрдугаар сарын 8-нд тус улсыг зорьсон ч одоо хүнд байдалд ороод гацчихаад байна.

Тус улс өөрсдөө хүн ам ихтэй учраас дэлгүүрт нь хүртэл хоол, хүнс элбэг бус байдаг. Одоогоор зүгээр л будаа, өндөг идээд л байж байгаа.

Монголын Засгийн газраас иргэдээ авахаар шийдвэл туслахад бэлэн гэдгээ Энэтхэгийг Засгийн газраас хэлсэн юм билээ. Энэтхэгийн тал туслахад бэлэн гээд байхад хүсэлтээ тавиад иргэдээ авчрахыг хүсэж байна” гэв.