Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Тайландад гацсан монголчуудыг оруулаач ЭХ ОРОН МИНЬ

Г.Номин, iKon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Тайланд улсад гацсан иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр ОБЕГ-ын гадаа жагсаал хийлээ.

Жагсаалд оролцож буй иргэд тус улсад гацаад байгаа 160 гаруй хүн наашаа буцах хүсэлт гаргасан. Тэнд ажиллаж, амьдардаг иргэд маань биш богино хугацаагаар буюу эмчилгээ, тэмцээн уралдаан, сургалтад явсан болон бусад Зүүн Азийн орнуудаас Тайландад очсон хүмүүс нутаг буцах хүсэлт гаргаад байгааг тодотгон хэлж байв.

Тиймээс зөвхөн Тайланд төдийгүй Зүүн Азийн орнуудад гацаад байгаа иргэдээ авахаар Бангкок руу шууд нислэг хийж өгөөч ээ хэмээн хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. Эдгээр иргэдийг Сөүл, Токиогоор дамжуулан авна хэмээн мэдэгдсэн ч Японоос 1,600 гаруй, Солонгосоос 3,000 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан байгаа одоогийн нөхцөлд Зүүн Азийн орнуудад байгаа хүмүүс үргэлж жагсаалтын доор бичигдэж байгааг иргэд хэлсэн юм.

"Дүү маань 2-8 насны гурван хүүхэдтэйгээ гацсан байгаа"

 

Иргэн Б.Рэнцэндулам "Дүү маань гурван хүүхэдтэйгээ Тайландад гацчихаад байна. Хүүхдүүд нь 2-8 настай. Дунд охин нь астматай өвөл болохоор сэхээнд ортлоо бие нь мууддаг учраас хүүхдүүдээ аваад Малайз явсан юм. Тэгээд өвчлөл бага байгаа учраас Тайландад ирсэн. Тэднийг маань татан аваач ээ гэсэн хүсэлтийг гурван удаа гаргаад байна. ЭСЯ бол бүртгэхээс өөр ажил хийж чадахгүй байна.

Тэнд гацсан иргэдийг "баячууд зугаалж яваад" гэж тодотгоод байх юм. Гэтэл баяндаа биш хүүхдээ нэг өвөл ч гэсэн эрүүл байлгах юмсан гээд явсан хүмүүс. Энд болж байсан бол хамаг мөнгөө үрээд юу гэж харь газар руу явах вэ дэ. Тиймээс битгий буруугаар ойлгооч ээ гэж хүсмээр байна.

Дээрээс нь Тайландад өвчлөл багасчихсан байгаа. Аюул багатай байгаа үед нь 160-хан хүнээ аваач ээ гэж хүсэж байна. Нэг удаагийн шууд нислэгээр нь авчих боломжтой тооны хүмүүс байгааг анхаараач ээ" хэмээв.

МИАТ Тайланд руу шууд нислэг тогтмол үйлддэг учраас ямар нэгэн хүндрэл байхгүй хэмээгээд хоёрдугаар сараас хойш тэвчээртэйгээр нислэг хүлээж байгаа иргэдээ аваач ээ гэсэн агуулгатай албан шаардлагыг жагсаал зохион байгуулан Улсын онцгой комисст хүргүүлж байгаа ажээ.

"76 настай ээжийг минь эх оронд нь авчирч өгөөч гэж гуйж байна"

 

Иргэн Ц.Насанбат "Ээж маань нэгдүгээр сард Тайланд явсан. Хөл муутай учраас тэнд ажилладаг охин дүү дээр очоод өвөлжөөд ир гээд явуулсан юм. Ээжийг явах үед коронавирусийн халдвар гараагүй байсан.

Хэдхэн сарын дотор коронавирусийн халдвар дэлхий дахинаар тархаж, улс орнууд хилээ хаагаад байна. Тиймээс дөрөвдүгээр сард Сөүлээр дамжуулан ээжийгээ авчрах гээд дөрөвдүгээр сарын 26-нд ирэх онгоцонд суудлаа бичүүлчихсэн байсан. Гэтэл миний ээж Тайландад байхдаа тархиндаа цус харваж, шууд эмнэлэгт хүргэгдэж хоёр сар гаруй хэвтсэн. Тайландын эмнэлэг сайхан, ээжид минь тусалсан. Гэхдээ төлбөр маш өндөр. Жирийн иргэд бид эрүүл мэндийн даатгалгүй үйлчлүүлэх төлбөрийг даахгүй байна. ЭСЯ бидэнд тусалж, улсын эмнэлэгт хэвтүүлэх боломж олж өгсөн. Гэсэн ч үнэгүй биш. Хоёр эмнэлэг дамжиж хэвтээд 60 мянган ам.долларын эмчилгээ хийлгэсэн. Ингээд төлбөрийн чадваргүй болоод одоо дүүгийнд маань гэрийн асаргаанд байгаа. Гэрийн нөхцөлд ямар ч эмчилгээ хийх боломжгүй учраас бие нь сайжрахгүй нэгэн хэвийн байдалд орчихлоо. Тиймээс Тайланд улс руу шууд нислэг үйлдэж, 76 настай ээжийг минь эх оронд нь авчирч өгөөч гэж гуйж байна.

Ээж минь эх орондоо ирвэл эдгэрнэ. 76 насыг би тийм ч өндөр нас гэж бодохгүй байна. Манай эмнэлэг, эмч нар ч мундаг. Тийм учраас эдгээнэ гэж найдаж байгаа" хэмээн ярилаа.

Тайландын Вант Улс дахь Элчин сайдын яамны зүгээс нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэхээс гадна хүнд нөхцөл байдалд орсон иргэддээ туслах ажлыг хийж байгаа хэдий ч иргэдийг татан авах эсэх шийдвэрийг УОК шийдвэрлэж байгаа учир өнөөдөр жагсаал зохион байгуулж байгаагаа иргэд хэлж байв.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг