Индэр    
2020 оны 5 сарын 7

КОВИД-19: Гадаадад богино хугацаагаар зорчиж байгаад саатсан Монгол иргэдийн 80% орчим нь ойрын хугацаанд хүнсний хомсдолд орж болзошгүй

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн хоёр дугаар бүлгийн арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зааж өгсөн байдаг.

Энэ зүйлийн 18-д “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заажээ.

Энэ үндсэн эрхээ эдэлж Монгол Улсын иргэд гадаадад богино болон урт хугацаагаар чөлөөтэй зорчиж ирсэн бөгөөд богино хугацаагаар явж буй иргэд маань санхүү, албан болон хувийн ажлаа аяллын зорилго, хугацаатайгаа уялдуулж богино хугацаагаар төлөвлөх нь ойлгомжтой.  

Харамсалтай нь БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирус (Covid19) цар тахлын тархалтыг хянах, зогсоон барих зорилгоор олон улс орон хилээ хаасантай холбоотойгоор гадаадад  богино хугацаагаар зорчиж байсан олон тооны иргэд маань тухайн улсдаа саатаж, эх орондоо ирж чадахгүй, хүнд нөхцөлд байна.

Иймд гадаадад саатан, эх орондоо ирж чадахгүй байгаа эдгээр иргэдийн бодит нөхцөл байдал, эрүүл мэнд болон аюулгүй байдал зэргийг судалж, тэдгээр иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү онлайн судалгааг явуулав.

Нийт 30 асуултаас бүрдсэн судалгааны асуумжыг боловсруулж, Google Forms-ийг ашиглан 2020 оны 4 сарын 27-ний өдрөөс 2020 оны 5 сарын 4-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд судалгааны ажлыг явуулав. Энэхүү нийтлэлийг нийгэмд болон бодлого тодорхойлогч нарт гадаадад саатаад буй иргэдийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөх үүднээс бичсэн бөгөөд судалгааны зарим, тойм үзүүлэлтийг тусгасан болно.  Өөрөөр хэлбэл, судалгааны бүрэн тайлан биш юм.

1. Судалгаанд хамрагдагсдын ерөнхий мэдээлэл

Онлайнаар 7 хоног явуулсан судалгаанд дэлхийн 25 орноос нийт 118 иргэн хамрагдав (4 иргэний мэдээлэл нь судалгааны шаардлага хангаагүй учир судалгаанаас хассан болно) 

Зураг 1. Судалгаанд оролцогсод саатсан улс орнуудаар, (Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Судалгаанд оролцогсдын хамгийн залуу нь 16 настай байсан бол хамгийн өндөр настай оролцогч нь 70 настай байв.  Мөн 57.6% нь эмэгтэй, 29.7% нь архаг хууч өвчтэй бол 8.5% нь бага насны хүүхэдтэй хамт явж байна.

Богино хугацаагаар гадаад руу зорчсон шалтгааныг авч үзвэл тухайн иргэдийн 36.2% нь аяллаар, 19.5% нь богино хугацааны сургалтанд суухаар, 10.2% нь хамаатныдаа зочилж, 9.3% нь ажлаар, 7.6% нь эмчилгээний зорилгоор явсан байна.

“Та тухайн улсад хэдэн хоногоор саатаад байна вэ? Буцахаар төлөвлөсөн өдрөөс хойш тоолно уу” гэсэн асуултад нийт оролцогчдын 45.5% нь 1-2 сараар, 39.0% нь 2-3 сарын хугацаагаар, 8.5% нь 1-2 долоо хоногоор, 5.1% нь 3-4 долоо хоногоор, 1.7% нь 3 сараас дээш хоногоор гадаад улсад саатаад байгаа гэж хариулжээ.

2. Судалгаанд хамрагдагсдын нөхцөл байдал

COVID19-оос болж гадаадад саатаад байгаа иргэдээс “Монгол руу явж чадахгүй байгаа энэ хугацаандаа та нэг долоо хоногт дунджаар хэдэн төгрөгний зардал гаргаж байна вэ?” гэж асуухад 51% нь 500,000 хүртлэх, 28% нь 500,001- 1,000,000, 13% нь 1,000,001-1,500,000 төгрөг, 8% нь түүнээс дээш төгрөг зарцуулж байгаа гэж хариулжээ 

Харин та уг улсад байх зардлаа хэрхэн төлж байна вэ гэсэн асуултад 31% нь өөрийн зардлаар, 25% нь аав, ээж болон найз нөхдөөсөө дэмжлэг авч байгаа гэсэн бол, 25% нь бусдаас зээл авч байгаа гэж хариулав. Ерөнхийд нь харвал гадаадад саатсан иргэд маань санхүүгийн хүнд байдалд байна (Зураг 3).

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Мөн “Та Монгол руу хэдэн хоногийн дараа очиж чадна гэж төсөөлж байна вэ?” гэсэн асуултад иргэдийн 4% нь “ирэх 7 хоногт”, 4% нь “8-14 хоногийн дараа”, 16% нь “15-30 хоногийн” дараа гэж хариулжээ. Харин судалгаанд оролцогчдын 76% нь хэзээ Монгол руу явах боломжтойгоо “сайн хэлж мэдэхгүй байна” гэж  хариулсан байна. Өөрөөр хэлбэл тухайн иргэдийн дийлэнхи нь хэдэн сараар гадаадад саатаад байгаа ч хэзээ Монгол руу явж чадахаа хариулж мэдэхгүй, тодорхойгүй байдалд байна.

“Та Монгол руугаа буцах болсон тохиолдолд онгоцны билетийн зардал, очоод тусгаарлах байранд байрлах зардлыг өөрөө төлөх боломжтой юу?” гэсэн асуултад  39% нь өөрөө төлөх боломжтой, 39% нь өөрөө төлөх боломжгүй учир ойр дотны хүмүүсээс тусламж авна, 17% нь өөрөө төлөх боломжгүй учир хэн нэгнээс зээл авна гэсэн бол өөрөө төлөх боломжгүй, мөн бусдаас тусламж, зээл авах боломжгүй иргэд 5% нь байна.

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Аюулгүй байдалтай холбоотой бүлэг асуултуудын хоёрт нь иргэд хэрхэн хариулсныг нь Зураг 5 болон Зураг 6-д харуулав. Нийт судалгаанд оролцогчдын 21% нь “Хоол, хүнс хангалттай сайн, Монгол явтлаа санаа зовохгүй байна”, 61% нь “Одоо хоол, хүнс хангалттай ч ирэх өдрүүдэд хомсдолд орохоос санаа зовж байна”, 18% нь “Одоо хоол хүнсний хомсдолтой байна” гэж хариулжээ.

Өөрөөр хэлбэл гадаадад саатаад буй иргэдийн 80 орчим хувь нь ойрын хугацаанд хүнсний хомсдолд орж болзошгүй байгааг анхаарвал зохилтой.

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Нийт судалгаанд оролцогчдын зөвхөн 14% нь аяллын эрүүл мэндийн даатгалтай гэсэн бол 10% нь аяллын эрүүл мэндийн даатгалын хугацаа дууссан, 76% нь эрүүл мэндийн даатгалгүй гэж хариулжээ. Энэ нь тухайн иргэдийн 86% нь тухайн улсад саатаад байх хугацаандаа аливаа гэнэтийн осол, өвчлөл болон хүндрэлтэй тулгарсан тохиолдолд  санхүүгийн эрсдэлд орох хандлагатай байгааг харуулж байна (Зураг 6).

Мөн тухайн иргэдийн 26% нь өдөр болгон, 27% нь ихэнхи өдрүүдэд, 37% нь зарим нэг өдрүүдэд COVID19-оос болж тухайн улсад саатсанаас хойш сэтгэл гутралд орох, ирээдүйдээ итгэлгүй болох зэрэг мэдрэмж төрсөн гэж хариулсан байна.

Нийт оролцогчдын 7% нь өдөр болгон, 61% нь зарим тохиолдолд ялгаварлан гадуурхалтыг тухайн улсад байх хугацаандаа мэдэрч байна гэж хариулжээ. 

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

 

3. Дүгнэлтийн оронд

Судалгааны зөвхөн зарим тойм үр дүнгээс харахад гадаадад богино хугацаагаар зорчиж байгаад тухайн улсдаа саатсан Монгол Улсын иргэд санхүү болон сэтгэл санааны хувьд хүнд байдалд байгаа бөгөөд энэ байдал удаан үргэлжилвэл эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас тусгай үүргийн нислэгээр гадаад дахь иргэдээ эх орондоо авч ирэх үйл ажиллагааг үе шаттайгаар амжилттэй зохион байгуулж байгаа. Ойрын хугацаанд Турк, Энэтхэг улсаас 500 орчим иргэнийг татан авах талаар холбогдох мэргэжилтэн нь мэдээлсэн (news.mn, 2020.05.06).

2020 оны 4 сарын 28-ны байдлаар гадаадаас 9,890 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг Засгийн газар, Улсын онцгой комисст ирүүлсэн байгаа бөгөөд харамсалтай нь албан ёсоор хүсэлт гаргасан иргэн бүрийг авах боломж бага байгааг мэдээлж байна (Монцамэ, 2020.04.28). Мөн иргэдийн багагүй хувь нь тусгай үүргийн нислэг нисэхгүй байгаа улсад саатаад байна.

Тиймээс гадаадад саатаад буй эдгээр иргэдийн маань багагүй хувь нь хэзээ эх орондоо ирэх нь тодорхойгүй байна.

Эдгээр хүчин зүйлийн улмаас гадаадад богино хугацаагаар зорчиж байгаад саатаад буй иргэдийн аюулгүй байдал болон эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн тусгайлсан бодлого зайлшгүй шаардлагатай. 

4. Гадаадад богино хугацаагаар зорчиж байгаад тухайн улсдаа саатаад буй иргэдэд  ямар дэмжлэг үзүүлж болох вэ?

  • Санхүүгийн дэмжлэг

Гадаадад богино хугацаагаар зорчиж байгаад тухайн улсдаа саатаад байгаа иргэд маань 1-3 сар байх хугацаандаа өөрийн боломжоороо эсвэл бусдаас тусламж, зээл авч хэрэглээндээ зарцуулж байсан байна. Гэхдээ цаашид санхүүгийн болон хүнсний хомсдолд орсон, орох эрсдэлтэй иргэд их байгаа тул ахмад настан болон бага насны хүүхэдтэй яваа иргэд болон зорилтот бүлэгт тухайн улсын амьдралын өртөгтэй уялдуулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

  • Онлайн сэтгэцийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, зөвөлгөө үзүүлэх
    • COVID19-ийн улмаас гадаад улсад ялгаварлан гадуурхалтад өртөх болон сэтгэл гутралд орох эрсдэл их байгаа тул онлайнаар сэтгэлзүйн зөвөлгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулах.
    • Богино хугацаагаар явсан иргэдийн дунд эмчилгээний зорилгоор явсан эсвэл архаг хууч өвчтэй хүн багагүй байгааг харгалзан онлайнаар эмнэлгийн тусламж, зөвлөгөө үзүүлэх нэгдсэн сүлжээ бий болгох.
    • Богино хугацаагаар явж байгаа иргэдийн 50 орчим хувь нь Англи хэл (эсвэл тухайн орны хэл)-ний түвшин нь анхан болон түүнээс доош, 72% нь эмнэлгийн тусламж шаардлагатай үед хаана хандахаа мэдэхгүй байгаа зэргийг үндэслэн тухайн улсад эрүүл мэндийн тусламж  үйлчилгээг хэрхэн авах талаар мэдээлэл өгөх.
  • Цахим гадуурхлыг багасгах

Харамсалтай нь COVID19-ийн улмаас гадаадад байгаа иргэдийг ялгаварлах үзэгдэл сошиал сүлжээгээр ажиглагдаж байна. Иймд гадаадад байгаа иргэдийн  нөхцөл байдлыг зөв ойлгуулж, монгол иргэдийн дундах цахим ялгаварлан гадуурхлыг багасгах талаар арга хэмжээ авах.

  • Тусгай үүргийн нислэг ба нийгмийн тэгш байдлыг хангах
  • Монгол Улсын Засгийн газраас тусгай үүргийн нислэгээр өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүсийг түрүүлж авчрах бодлого баримталж байгаа нь нийгэмд тэгш байдлыг хангаж буй нэг жишээ юм.
  • Гэхдээ тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна гэжээ. Энэ зардал нь насанд хүрсэн нэг хүнд 1 сая 50 мянган төгрөг, 6-18 хүртэлх насны хүүхдэд 630 мянган төгрөг бол 0-5 настай хүүхдэд төлбөргүй бөгөөд “дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой Байдлын Ерөнхий Газар /ХААН БАНК 5084538375/-ын дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна” гэжээ (Онцгой Байдлын Ерөнхий Газар, 2020.03.27). Ингэж төлбөр авах нь нэг талаас үйл ажиллгаа явуулж буй байгууллагын зардлыг эргэн төлөхөд зориулагдаж байгаа ч нөгөө талдаа Монгол явах шаардлага хангасан ч Монголд хамаатан, туслах хүнгүй  эсвэл гадаадад орлогогүй, төлбөрийн чадваргүй хамгийн хүнд нөхцөлд буй иргэд маань ирж чадахгүй үлдэж байгаа юм биш биз гэсэн асуулт гарах нь. Иймд эдгээр иргэдийн нөхцөл байдлыг судалж, дэмжлэг үзүүлэх, нийгмийн тэгш бус байдлыг аль болох бага байлгах шаардлага гарна.

Жич: Энэхүү нийтлэл нь өмнө дурьдсанчлан зарим тойм үр дүнд суурилсан бөгөөд судалгааны нарийвчилж судалсан үр дүн бүхий өгүүлэл тусдаа гарна. Судалгааг явуулахад ямар нэгэн байгууллага, хувь хүнээс санхүүжилт аваагүй болно. Судалгааны асуумжийг өөрийн сошиал хаяг (facebook, twitter)-уудаараа хуваалцаж, бусдад түгээсэн болон цаг гаргаж судалгааны асуумж бөглөсөн бүх хүмүүст талархлаа илэрхийлэе.

 

Бэлтгэсэн: 

  • Доктор, Дэд Профессор Д.Жавхланбаяр, Зүүн Финландын Их Сургуулийн Эрүүл Мэндийн Бодлого болон Эдийн Засгийн ахлах багш
  • Доктор Б.Энхжаргал, Зүүн Финландын Их Сургуулийн Цагаачлал, Шилжилт Хөдөлгөөн ба Нийгмийн Эрүүл Мэндийн судлаач

 

Куопио хот, Финланд улс

2020 оны 5-р сарын 6