Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Наадмын өдрүүдэд орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн тоо 3 дахин нэмэгдэж, ослын улмаас 25 хүн амиа алдсан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

COVID-19 цар тахлын улмаас энэ жил дотоодын аялал жуулчлал, орон нутгийг зорьж амрах иргэдийн тоо нэмэгдээд байгаа. Үүнтэй холбоотой авто машины хөдөлгөөн нэмэгдсэн эсэх болон авто замын осол, гэмт хэргүүдийн талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбатаас тодрууллаа.

- Энэ оны долдугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн ослын тоо буурсан эсэх талаар мэдээлэл өгнө үү?

- COVID-19 цар тахалтай холбоотой нөхцөл байдлууд, мөн Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулсан учраас иргэд долдугаар сарын 8-20-ны хугацаанд хөдөөг зорьж, орон нутгийн замын хөдөлгөөний эрчим их байлаа.

Өнгөрсөн жил долдугаар сарын 9-15-ны өдрүүдэд 113,000 тээврийн хэрэгсэл орон нутгийг чиглэж байсан бол энэ оны мөн үед 330,000 тээврийн хэрэгсэл орон нутгийн замд гарсан.

Замын ачаалал, хөдөлгөөний эрчим нэмэгдэхээр зам тээврийн осол гарах магадлал нэмэгддэг. Энэ үеэр буюу зургаан хоногийн хугацаанд 16 осол гарсны улмаас 25 хүн(23 нь орон нутагт, 2 нь нийслэл хотод) амь насаа алдсан.

2019 оны наадмаар буюу долдугаар сарын 9-15-нд зам тээврийн ослын улмаас 23 хүн амиа алдсан. Энэ жилийн хувьд өссөн мэт харагдаж байгаа ч орон нутгийн замд хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн тоо 3 дахин их байсан гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй.

Зургаахан хоногийн хугацаанд 25 хүн амиа алдана гэдэг маш харамсалтай. Иргэд маань очих газар нь нүүх гэж байгаа юм шиг хурдлах, анхаарал болгоомжгүй байх, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл барих зэргээс үүдэн өөрийгөө болон хайртай дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна.

"Зам тээврийн ослын 90 гаруй хувь нь жолоочийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж байна"

- Энэ оны хувьд нийт хэчнээн хүн зам тээврийн ослын улмаас нас барсан бэ?

- Ер нь бол мөргөлдөх, шүргэлцэх ослын 80 хувь нь нийслэл хотод бүртгэгддэг бол хүний амь эрсэдсэн ослын 70 гаруй хувь нь орон нутгийн замд гардаг. Үүний гол шалтгаан нь ядарсан үедээ жолоо барихаас гадна хурд хэтрүүлдэгтэй холбоотой. Тиймээс тээврийн хэрэгслийн хурдыг 50 хүртэл хувиар хэтрүүлж байгаа жолоочид торгуулийн арга хэмжээ, 50-аас дээш хувиар хэтрүүлсэн бол шууд эрх хасах шийтгэл ногдуулж байгаа.

2020 оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 180 хүн эрсэдсэн бол зөвхөн долдугаар сард дахин 39 хүн нас барлаа. Нийт 219 хүн амь эрсдээд байгаагийн 158 нь орон нутгийн зам гарсан ослын улмаас байсан бол 61 нь нийслэл хотод хамаарч байна.

- Ослын шалтгаан нөхцөлийн талаар тодруулж мэдээлэл өгөөч?

- Нийт гарч байгаа ослын 90 гаруй хувь нь жолоочийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалсан байдаг бол нэг хүрэхгүй хувь нь замын нөхцөл байдлаас үүдэлтэй.

Өглөө нар мандах, орой нар жаргах цагаар гялбаанд орох, ганцаараа олон цагаар тасралтгүй жолоо барих тохиолдол байна. Улаанбаатараас Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг холын аймгуудыг зориод 24-48 цаг тасралтгүй, унталгүй жолоо бариад явдаг. Тиймээс зорчигчид тухайн жолоо барьж байгаа хүн ядарч байна уу, хурд хэтрүүлж байна уу гэдэгт анхаарал тавьдаг баймаар байна.

Ер нь иргэд цагдаа, онцгой байдал, эмнэлэг, цаг уурын байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг мэдээллийг ажил, амралтаа төлөвлөхдөө тогтмол ашиглаж байвал гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

"Энэ онд амь насаа алдсан хүүхдийн тоо бараг бүтэн жилийнхтэй дүйхээр байна"

- Ослын улмаас бага насны хүүхэд амь эрсэдсэн хэргүүд их гарах боллоо. Энэ талаар иргэдэд анхааруулж юу хэлэх вэ?

- 2019 онд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 45 хүүхэд амь эрсэдсэн бол энэ оны эхний долоон сарын байдлаар 38 хүүхэд амь насаа алдсан байна.

Осол хаана гарснаар нь ангилж харвал,

  • 16 нь хашаандаа
  • 4 нь явган зорчигч хэлбэрээр
  • 18 нь авто машин дотор зорчиж яваад осол гарсны улмаас амь насаа алдсан.

Хашаан дотроо байгаа юм чинь аюулгүй, гудамжиндаа юм чинь зүгээр, хөдөө юм чинь машин цөөхөн гээд эцэг эхчүүд анхаарал болгоомжоо сулруулдаг. Ингээд ах дүү, аав ээж, өвөө эмээ гээд төрөл садан нь, эсвэл тухайн гэр бүлийн найз нөхөд нь авто машинтай хөдөлгөөн эхлэх эсвэл зогсох үедээ хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хохироох тохиолдол гарч байна. Ослын нөхцөл байдлыг судлаад үзэхээр "Портер", "Бонго" маркийн ачааны авто машинтай их үйлдэгдсэн байдаг.

Эцэг эх, асран хамгаалагчтайгаа хамт буюу нэг машинд зорчиж явахдаа 18 хүүхэд амь насаа алдсан байгаа. Ослын нөхцөл байдлыг харахаар жолооч болон урд суудлын зорчигч бүсээ зүүчихсэн, хойно сууж яваа хүүхэд зориулалтын суудалгүй, бүс зүүгээгүй, юм идээд эсвэл тоглоод явж байдаг. Гэтэл зам тээврийн ослын үед машин онхолдоно, өнхөрнө ямар ч нөхцөл байдал үүсэж болдог. Энэ үед арын суудалд явж байгаа бүс зүүгээгүй зорчигч цонх, хаалгаар шидэгдэх, тээврийн хэрэгслийн доор дарагдах гэх мэт байдлаар амь насаа алдаж байна.

Ганцхан жилд бүхэл бүтэн нэг анги байж болохоор тооны хүүхдийг ингээд ослоор алдаад байна гэдэг маш харамсалтай. Энэ оны хувьд амь насаа алдсан хүүхдийн тоо бараг бүтэн жилийнхтэй дүйгээд байгаа нь зайлшгүй анхаарах асуудал болчихоод байна.

- Цагдаагийн байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна вэ?

- Жилд дунджаар 500 хүн зам тээврийн ослын улмаас нас бардаг. Тиймээс хүн амь насаа алдах осол ихээр бүртгэгддэг орон нутгийн замд "Яараад яахав дэ" аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд хотоос дөрвөн тийш гарах замд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Мөн зам тээврийн осол давтамжтай гардаг цэгүүд дээр хайс хашлага тавих, тэмдэг тэмдэглэгээ, цагдаагийн машины макет, гэрэл, нэмэлт постуудыг байршуулан ажиллаж байна.