Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батзориг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ял тохиролцсон эхний улстөрч болов

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт Баянзүрх дүүргийн шүүх нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан нь дуулиан тариад байна. Үүнээс хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг ЖДҮ-гийн гэх хэргээр шүүж, 3 жилийн ял оногдуулаад байсантай харьцуулахад энэ нь “газар тэнгэр” шиг байна хэмээх шүүмжлэл гараад буй.

Энэ талаар шүүхийн эх сурвалжаас тодруулахад "Б.Батзориг улс төрийн хүрээнийхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж, хуулийн дагуу “ял тохиролцсон” эхний хүн гэж хэлж болно.

Б.Батзориг болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурорын гаргасан хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар саналыг хүлээн зөвшөөрчээ. Ийм тохиолдолд “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан байдаг. Хуулийн энэ зохицуулалтын хүрээнд Б.Батзоригт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох ялын дээд хэмжээ болох 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулахыг прокурор санал болгосон бөгөөд шүүх энэ дагуу ял оногдуулсан" хэмээв.

Б.Батзоригийн хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс эхлээд л гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол улс төрд нөлөө бүхий бусад хүмүүс гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөггүй, хохирлоо ч төлдөггүй гэдгийг мөн хэлж байв.

Цаашдаа авлигын хэрэгт холбогдогчдод өндөр ял оногдуулах ёстой гэж үзвэл ял тохиролцдог энэ заалтыг өөрчлөх шаардлагатайг энэ удаагийн хэрэг харууллаа.