Монгол Улсын Засгийн газраас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас буюу өнөөдрөөс эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг "Засгийн газраас шийдвэрийн дагуу улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улс, орон нутгийн алба, хуулийн этгээдүүд дараах арга хэмжээг авч ажиллана.
БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш 45 хоногийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, онцгой байдлын комисс ажиллаж байна. Бид бүхэн БНХАУ-ын яам агентлагтай холбогдон мэдээ мэдээллийг байнга авч байгаа. Одоогоор манай улс хамгийн эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шаардлагатай байсан юм.
Монгол Улсад энэ вирус бүртгэгдвэл гамшиг болно. Тиймээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж буйг та бүхэн ойлгоорой. Бид сүүлийн арав гаруй жил гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулж байгаа. Ард түмэн энэ талаар харьцангуй ойлголттой гэж бодож байна. Зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх журмын дагуу бид ажиллана" гэв.
ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэтврүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж “Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр хилийн боомтуудаар Хятадын тал руу нүүрс тээвэрлэхийг зогсоосон. Зөвхөн Гашуунсухайт боомтоор зэсийн баяжмал нэвтэрч байна. Монгол Улсын иргэд Зам-Үүд төмөр замын боомтоор Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатарын гал тэргээр нэвтэрч байгаа.
Хил хаасан, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэлтийг бүрэн зогссон гэж ойлгож болохгүй. Төмөр замын ачаа эргэлт, тээвэрлэлт хэвийн явагдаж байна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!