Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

ТЕГ: “Оюу толгой”-д нийт ₮649 тэрбумын татвар, торгууль, алданги ногдуулсан

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, татварын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийн хүрээнд татварын зорилгоор хяналт шалгалт хийдэг. 

“Оюу толгой” ХХК-д хийсэн энэ удаагийн хяналт шалгалт нь тус компанид хийсэн дөрөв дэх удаагийн хяналт шалгалт бөгөөд 2016-2018 оны санхүүгийн жилүүдийг хамарсан. Түүнчлэн, энэ удаагийн хяналт шалгалт нь олон улсын татварын асуудлыг хөндөж, зөрчил илрүүлснээрээ онцлог болсон. Хяналт шалгалтын үр дүнд “Оюу толгой” ХХК-д нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан ба ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэсэн акт үйлдсэн. Томоохон үнийн дүнтэй зөрчлөөс дурдвал үнэ шилжилтийн хүрээнд хийсэн хяналт шалгалт болон эх үүсвэрийн дүрмийг зөрчиж Монгол Улсад төлөх татварын хэмжээг бууруулсан байна.

Үндэстэн дамнасан групп компаниуд татварын ашиг хүртэх зорилгоор хийдэг үнэ шилжилтийг “Оюу толгой” ХХК нь Рио Тинто групп, тэдгээрийн харилцан хамаарал бүхий талуудтайгаа хийсэн байна гэдгийг Татварын алба тогтоосон. Энэ нь харилцан хамааралтай этгээдүүдийн хоорондын ажил гүйлгээ (хяналтад байгаа ажил гүйлгээ)–ний нөхцөл нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хоорондын ажил гүйлгээ (бие даасан ажил гүйлгээ)-ний нөхцөлөөс ялгаатай ба үүний үр дүнд төлөх татварын дүн буурсан бол тухайн буурсан дүнгээр төлөх татварыг нөхөн ногдуулдаг олон улсын зарчимд нийцэж байгаа юм. 

Үнэ шилжилтийн хяналт шалгалтын хүрээнд харилцан хамаарал бүхий компани хооронд хийсэн хэд хэдэн төрлийн ажил гүйлгээнд томоохон хэмжээний тохируулга хийгдсэн бөгөөд уг зөрчлийг илрүүлэн тогтооход олон улсад нийтлэг хэрэгжүүлдэг ЭЗХАХБ-аас гаргасан “Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд болон Татварын албадад зориулсан Үнэ шилжилтийн зөвлөмж”, BEPS хөтөлбөрийн 8-10 дахь үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх зөвлөмжийг ашигласан.

Энэ төрлийн хяналт шалгалт нь аль ч улсад нэлээд нарийн төвөгтэйд тооцогддог бөгөөд Монголын Татварын алба сүүлийн 10-аад жил Олон улсын ЭЗХАХБ (OECD), Олон улсын валютын сан (IMF), Дэлхийн банк (WB), НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр (UNDP), Жайка (JICA), Засгийн газар хоорондын форум (IGF) байгуулагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж тэдгээрийн багш, мэргэжилтэн, зөвлөхүүдийн зөвлөмж, арга зүйн хүрээнд ажилласны үр дүнд Үнэ шилжилтийн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хийсэн.

Мөн Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад дэлхийд өндөр зэрэглэлд тооцогддог инженеринг, угсралт, суурилуулалт, техник, зөвлөх үйлчилгээ, мэдээлэл, технологийн гэх мэт 250 гаруй компаниуд ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Эдгээр компаниудад олон улсад баримталдаг эх үүсвэрийн дүрэм буюу Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод Монгол Улс татвар ногдуулах зарчмыг баримтлан татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

“Оюу толгой” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгээгүй ажил, үзүүлээгүй үйлчилгээ гэж үзэн тодорхой ажил, үйлчилгээг “оффшор” гэрээнд хамааруулан холбогдох татварыг суутган авч төлөхгүй байгаа нь Монгол Улсын татварын хууль тогтоомжид тусгасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эх үүсвэрийн дүрмийг зөрчиж байна.

Цаашид “Оюу толгой” ХХК нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын татварын багц хуулийн хүрээнд олон улсын стандарт жишигт нийцсэн үнэ шилжилтийн тайланг гарган тайлагнаж, Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хувь хэмжээгээр татвараа үнэн зөв ногдуулан тайлагнаж, төлөх үүрэгтэй.

 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар