Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Ланьжоу хот Байгал нуурын усыг татах хоолойн төсөл боловсруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хятад улс аварга том инженерийн байгууламжуудыг босгодгоороо алдартай болсон. Тэгвэл хамгийн сүүлд тус улсын баруун хойд Ганьсу мужийн төв Ланьжоу хотын захиргаа Байгал нуураас хоолойгоор ус татах зураг төсөл боловсруулсан байна.

Ланьжоу хот нь маш хуурай, усны нөөц багатайд тооцогддог бүсэд оршдог бөгөөд тус хотын Хот төлөвлөлтийн Хүрээлэн “Хот төлөвлөлтийн Ирээдүй 2030” гэх нэртэй төлөвлөгөөг өнгөрсөн сард орон нутгийн захиргаандаа танилцуулжээ.

Энэ зураг төслийн дагуу Байгал нуурын баруун урд эргээс Ланьжоу хот руу 1,000 орчим километр урт хоолой байгуулахаар тусгасан байна. Ингэхдээ Монгол улсын нутгаар дайрч, Төвдийн өндөрлөг, Их говийн дундуур гардаг Хэши корридороор явуулахаар зурсан гэнэ.

 
Байгал нуур ба Ланьжоу хотын газарзүйн байрлал

Дөнгөж санаачилгын шатанд яваа энэ төслийн тухай “Технологийн хувьд асуудалгүй. Гол асуудал нь дипломат яриа хэлэлцээр” гэж орон нутгийн албаны хүн ярьжээ.

Орон нутгийн хэмжээнд яригдсан энэ санаа Хятадын судлаачдыг хоёр хуваагаад байна. Тэдний зарим нь уг төслийг хэрэгжүүлбэл дэлхийн цэнгэг усны 20 хувийг дангаар эзэлдэг, 1,200 орчим төрөл зүйл амьтан, 600 төрөл зүйл ургамал бүхий Байгал нуурын эко системд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Харин дэмжигчид нь эдийн засгийн үр ашгийг чухалчилж байна. Тухайлбал 2012 онд бичсэн “Хойд Азийн эдийн засгийн бүс” номондоо судлаач Ли Луоли Байгал нуураас ус татах нь Хятад, Орос, Монгол улсуудын эдийн засагт ач холбогдолтой тухай тайлбарлаж байжээ.

Түүний үзэж байгаагаар асар их усны нөөцтэй Байгал нуурын усны багахан хэсгийг ашиглахад Монгол болон Хойд Хятадын усны нөөц бага, хуурай газар нутгийг тэтгэж, эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ гэж дүгнэсэн байна.

Харин Оросын хэвлэлүүд энэ талаар одоохондоо ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа юм.

Гэхдээ сүүлийн үед Байгал нуурын усны түвшин буурч байгаад санаа зовж, Монголд байгуулагдахаар яригдаж байгаа усан цахилгаан станцын төсөлд хориг тавиад байгаа Оросууд энэ төслийг нааштай хүлээж авах нь эргэлзээтэй байна.

 

Эх сурвалж: Global Times