Өчигдөр буюу Мягмар гарагт Турк улсын Болу мужийн Короглу нуруунд оршдог цанын баазад гал түймэр гарсны улмаас 76 хүн амиа алджээ.
Истанбул хотоос зүүн зүгт 300 км зайд оршдог тус баазын Гранд Картал зочид буудал шатсан бөгөөд энэ үеэр буудлын цонхоор үсэрсэн жуулчдаас 51 хүн бэртсэн тухай Туркийн дотоод хэргийн сайд Али Ерликаяа мэдэгдсэн байна.
Сургуулиуд амарч, цанын баазуудын ачаалал өндөр байх үед ийм осол гарсан нь их хэмжээний хохирол амсах шалтгаан болжээ.
“Би маш их шаналж байна. Үгээр хэлэхийн аргагүй шаналлаа би та бүхэнтэй хуваалцмаар байна” гэж Ерликаяа сайд ослын газарт сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлсэн байна.
Бэртэж гэмтсэн хүмүүсээс нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа бол хөнгөн гэмтэлтэй 17 хүн удалгүй эмнэлгээс гарсныг Туркийн эрүүл мэндийн сайд Кемал Мэмишоглу мэдээлжээ.
Гал шөнийн 3:30 цагийн үед зочид буудлын рестораны хэсгээс гарсан байна.
Туркийн засгийн газар гал түймрийн шалтгааныг мөрдөн шалгах ажилд зургаан прокурорыг томилжээ.
Түймэр гарах үед зочид буудал 234 үйлчлүүлэгчтэй байсан байна. Зочид буудлын галын дохиоллын систем ажиллаагүйг гэрчүүд мэдүүлжээ.
Тус улсын аялал жуулчлалын сайд Мехмет Эрсои дээрх зочид буудлыг 2021, 2024 онуудад шалгахад галын эрсдэлтэй холбоотой ямар нэг зөрчил илрээгүйг сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Анкара хотод үг хэлэхдээ Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган “Харамсалтай нь бид өнөөдөр өглөө Болугаас маш муу мэдээ хүлээж авлаа. Зочид буудалд гарсан гал түймэрт бидний ах дүүс амиа алдаж, бэртэж гэмтжээ. Болсон явдлын мөрөөр шалгаж, буруутай хүмүүст хариуцлага тооцоход шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гэж хэлжээ.
Орон нутгийн эрх баригчид ослын газарт гал сөнөөх 30 автомашин, түргэн тусламжийн 28 автомашин илгээсэн байна.
Өчигдөр бас Туркийн төв бүсийн өөр нэг цанын баазын зочид буудалд хий дэлбэрсний улмаас дөрвөн хүн гэмтжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!