Даваа гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолын арга хэмжээнд дэлхийн хамгийн баян эрхмүүд цугларсан нь анхаарал татаж байлаа.
Тэдний нийт хөрөнгийн хэмжээ $1.3 их наядыг давж байсан юм.
Тухайлбал Илон Маск, Жэф Безос, Марк Закербэрг зэрэг технологийн салбарын тэрбумтнууд Трампын гэр бүлийнхний ард, Трампын шинэ засаг захиргааны сайд нарын урд эгнээнд зэрэгцэн сууцгаасан байв.
Бас Францын хамгийн баян хүн болох тансаг эдлэлийн LVMH компанийн гүйцэтгэх захирал Бернар Арно, Google-ийн толгой компани Alphabet-ийг үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брин, Las Vegas Sands Corp компанийн гол хувь эзэмшигч Мириам Аделсон, Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк, Alphabet компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай зэрэг чинээлэг эрхмүүд суусан байлаа.
Тэрбумтнуудыг сайд нарын урд эгнээнд суулгасан талаар тодруулахад Дональд Трампын ууган хүү Трамп Жуниор “Дэлхийн хамгийн оюунлаг хүмүүсийг нэгтгэх нь юу юунаас илүү чухал” гэж хариулжээ.
Өнгөрсөн оны сонгуулийн үеэр бизнест ээлтэй бодлого явуулахаа амлаж байсан Дональд Трампыг технологийн салбарын бизнес эрхлэгчид нэлээд дэмжсэн.
Тэдний дундаас $200 гаруй саяыг хандивласан Теслагийн босс Илон Маск онцгойрч байв.
Одоо тэр Трампын засаг захиргаанд төсвийн үр ашигтай байдалд хяналт тавих үүрэгтэй шинэ агентлагийг удирдахаар томилогдоод байгаа.
Тангараг өргөх ёслолын зочдоос бас нэг олны анхаарал татсан эрхэм нь ТикТок компанийн гүйцэтгэх захирал Чью Шү Зи байлаа.
АНУ-д 170 сая хэрэглэгчтэй тус компани эзэмшлээ Америкийн компанид шилжүүлээгүй тохиолдолд хаагдах дээрээ тулаад байгаа.
Трамп тангараг өргөсөн өдрөө ТикТокийн хуулийн хоригийг 75 хоногоор сунгах захирамж гаргасан юм. Энэ хугацаанд Тиктокийн эзэмшил Хятадын компаниас Америкийн компанид шилжихгүй бол АНУ-ын зах зээлд хаагдана.
Өмнө нь ТикТокийг үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр хаахыг дэмжиж байсан Трамп өнгөрсөн сонгуулиар залуу үеийнхний дэмжлэгийг авахад нь хэрэг болсон тус платформыг хадгалж үлдэх сонирхолтой болжээ.
Эх сурвалж: Bloomberg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!