Орос “jeep”-ийг Монголын зах зээлд нийлүүлэх гэнэ
Оросын автомашин үйлдвэрлэгч АвтоВАЗ компани шинэ оноос эхлэн өөрийн SUV ангиллын Лада 4х4 загвараа Хятад болон Арабын Нэгдсэн Эмират Улсын зах зээлд гаргаж эхэлжээ.
Энэхүү загвараа тэд Казахстан дахь үйлдвэрт угсарч байгаа гэнэ. Үйлдвэрлэгчийн мэдээлж байгаагаар Хятадын зах зээл, борлуулагчид Орос машиныг багагүй сонирхож байгаа юм байна.
Лада 4х4 загвар нь $8,550-ын үнэтэй. Казахстаны үйлдвэртээ шинэ угсрах шугам нэмснээр жилд 120,000 машин үйлдвэрлэх боломжтой болох гэнэ. Лада 4х4-өөс гадна Лада Гранта, Лада Калина загваруудыг угсардаг бөгөөд Лада Веста, Лада Xray загваруудыг энд удахгүй угсрах юм.
2016 онд 20,000 автомашин экспортлосон АвтоВАЗ компани 2017 онд энэ хэмжээгээ 50 хувь өсгөхөөр төлөвлөжээ. Зөвхөн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд биш, бас Герман, Иран, Сири, Египет, Унгарын зах зээлд нийлүүлсэн байна.
Цаашдаа АвтоВАЗ зах зээлээ Монгол, Чех, Зүүн Өмнөд Ази руу тэлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
