Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Богд хаан, Эх дагинын түүхийг өгүүлэх үзэсгэлэн нээгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 29
iKon.MN

Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэн Богд хааны ордон музейд өнөөдөр  нээгдлээ.

“Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнд Богд Жавзандамба хутагт хийгээд Эх дагина Дондогдулам нарын өмнө нийтэд дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургууд, өмсч эдэлж байсан эд зүйлс, гутал, малгай, дээл, хантааз, хамжаар, эрих, хөөрөг зэргийг дэлгэн үзүүлсэн байна.

 

Эдгээрийн дотор Дондогдулам хатны 30 гаруй настай үеийн гэрэл зурагт ноён хүний отго жинстэй хилэн малгай, хөлтэй магнаг ёст дээл, хээтэй хантааз, өмсөж, Манжийн Энх-Амгалан хаанаас анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт бэлэглэсэн сэнтий дээр баруун гартаа эрих барин сууж байгаагаар татуулжээ.

 

Энэ зураг нь 1903 оны үед Дондогдулам хатан Эрдэнэцэцэн ноён цол хүртсэн үеийн зураг ажээ.

Мөн Дондогдулам хатны Богдын хатан болохоос өмнөх залуухан үеийн хоёр гэрэл зураг байгаа нь өмнө дэлгэгдэж байгаагүй зураг юм байна.

Богд хаан, Эх дагинын түүхийг өгүүлэх үзэсгэлэн ийнхүү үйл ажиллагаагаа эхэллээ.

“Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэн нэгдүгээр сарын 2-ноос 6-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 09:00-17:00 цаг хүртэл лсонирхсон хүн бүхэнд нээлттэй байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, түүхч, судлаач эрдэмтдийн төлөөлөл, лам, хувраг, төр, шашны зүтгэлтнүүд оролцлоо.

Нээлтийн ёслолын өмнө Богд хаант Монгол Улсын сүлд дуулал “Зуун лангийн жороо луус” дуугаар уртын дууч Х.Бямбасүрэн, морин хуурч, СТА Алтанбат нар ая дууны мялаалга өргөв.

 

Үүний дараа Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагууд анхдугаар Богд Өндөр гэгээний “Жанлавцогзол” номыг айлтгалаа.

 

Энэ нь Монголын ард түмний заяа буянг тэгшилж, цаг үеийн ган зуд, гачигдах зовлон бүгдээс аврагдахын тухайтад хурдаг ном юм.

“Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг “VIII Богд Жавзандамба хааны тухай зарим сэдвүүд” сэдвээр үг хэллээ.

 

Тэрээр хэлсэн үгэндээ “105 жилийн өмнөх энэ өдөр энэ ордонд монголчуудын тусгаар тогтнолын төлөөх 200 гаруй жилийн тэмцлийн үр дүнг дэлхийд зарласан гайхалтай түүхэн хүний тухай бид эргэн дурсаж байна.

Шашны нөлөө бүхий удирдагчаас Монголын сүүлчийн эзэн хаан болж, энэ ард түмний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах их тэмцлийг манлайлсан тэр түүхт хүн бол ар халхын Жавзандамба хутагтын VIII дахь дүр Агваанлувсанчойжинямданзанванчүг хэмээх ер бусын урт нэртэй төвд эр юм.

Халх монголчуудыг оюун санаааны хувьд нэгтгэх гол зорилгоор анх Жавзандамба хутагтын дүрийг Чингис хааны алтан ургаас тодруулсан боловч III Жавзандамба Ишдамбийнямаас эхлэн манжууд төвдөөс халхад залах болжээ.

Төвдөөс шашны тэргүүнээ залах нь халхын заншил болж тогтсон боловч III Богд Жавзандамба Ишдамбийням 15 настай, IV Богд Жавзандамба хутагт Лувсантүвдэнванчүг 38 настай, V Богд Жавзандамба хутагт Лувсанцүлтимжигмэд 26 настай, VI Богд Жавзандамба хутагт Лувсантүвдэнчойжижалцан 5,  VII Богд Жавзандамба хутагт Агваанчойжинванчүгпэрэнлэйжамц дөнгөж 19 настайдаа Монголд жанч халсаныг харахад тэд Монголд идээшиж чадсан гэж хэлэхэд бэрх.

Харин VIII Богд Жавзандамбыг монголчууд багаас нь монгол багш нараар хүмүүжүүлж, монгол хэл, ахуй соёлд сургаж монгол хүн болгож өсгөжээ. Иймээс тэрээр төвд гаралтай монгол хүн болж төлөвшиж, сүүлчийн эзэн хааны сэнтийд заларсан байна.

Богд хаан бол амьддаа хамгийн их шүтүүлж түүх бичлэгт хамгийн их хэлмэгдсэн төрийн зүтгэлтэн юм. Living Budda буюу амьд бурхан хэмээн зөвхөн халх Монгол төдийгүй Буриад, Өвөрмонгол, Хөх нуур, Шинжааны монголчууд, тэр ч бүү хэл, хойд мөсөн далайн эрэгт ч түүний суу алдар түгж, шүтээн болж байсан тухай Оссендевскийн номд өгүүлсэн байдаг.

Тэрээр Монголын хамгийн нөлөө бүхий шашны удирдагч байх төдий бус Чингис хааны үндэслэсэн Монголын алтан ургийн ноёдын барих ёстой хаан сэнтийг ч хамтад нь авч хүлээн зөвшөөрүүлж чадсан хүчирхэг удирдагч юм.

Гэвч түүнийг 1924 онд нас барсных нь дараагаас эхлэн коммунист түүх бичлэг ёсоор шинэ домог зохиогдож 70 гаруй жил түүх бичлэгт хамгийн их хараагдаж, үгүйсгэгдсэн үндэсний удирдагч болсон юм.  

Хоёр зуун жил газрын зураг дээр ор мөргүй байсны дараа дэлхийн улс төрийн газрын зурагт эргэн ирж, хүлээн зөвшөөрөгдөж чадсан гавьяа, агуу тэмцэл нь ХХ зууны монголчуудын хамтын хүчин зүтгэл, бүтээл юм.

1911 онд түүний удирдсан эрх чөлөөний төлөөх тэмцэл 1919 он гэхэд гадаадын цэргийн эрхтэнүүдэд дарагдаж, 1921 онд социалист хувьсгал болсны дараа ч албан ёсоор Монголын удирдагч, эзэн хаан хэвээр байсан, хувьсгалчдыг тэтгэн бойжуулж байсан удирдагч байв.

 Дэлхийн коммунизмийн түүхэнд эзэн хаан нь хувьсгалчдаа тэтгэн бойжуулж, өөрийн дэглэмдээ социализм импортлохыг хүлээн зөвшөөрсөн албан тамга дарж суусан, социалист хувьсгал хийгдсэний дараа ч хааны ширээгээ нэр хүндтэй залгамжилж байсан өөр эзэн хаад бараг байхгүй болов уу.

Түүний хувьд Монгол засаглалын ямар хэлбэртэй, нийгмийн ямар байгууламжтай, өөрөө эрх мэдэлтэй байх эсэхээс үл хамааран тусгаар улс байх ёстой гэсэн зарчим барьж байсан түүхэн удирдагч байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Богд хаан бол ХХ зууны монголын түүхэнд тодорсон хамгийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн байлаа.

VIII Богд Жавзандамба шашны хамгийн нөлөө бүхий удирдагч, хэмжээгүй эрхт эзэн хааны хувиар ч шашны шинэчлэлийг эхлүүлж, хоцрогдож мансуурсан, харанхуй мухар сүсэг, нийгмийн баялгийг сорогч шашны давхаргын эсрэг тэмцэх түүхэн боломжтой байсан хэдий ч тэрээр үүнийгээ ашиглахыг хүсээгүй юм. Тэр өөрөө хамгийн баян, хамгийн олон хамжлагатай, мухар сүсгийг хамгийн амжилттай ашиглаж олны сэтгэлийг булааж чаддаг лам хэвээр түүхэнд үлдсэн юм.

Богд хаан бол Нармай Монголын үзлийг дэмжигч төдийгүй түүний амьд билгэдэл, оройн дээд шүтээн нь байлаа.

1945 оны VIII сарын эхээр маршал Х.Чойбалсанг Кремльд Сталин дуудаж уулзав. Уулзалтад Сталин санамсаргүй маягаар Гадаад болон Дотоод Монголын удирдагч болох Х.Чойбалсангийн төлөө хундага өргөсөн нь Японыг чөлөөлөх дайнд ЗХУ Нармай Монголын хөдөлгөөнийг дэмжиж байгаа гэсэн ойлголтыг төрүүлсэн учир тэрээр эх орондоо буцаж ирээд "Монгол овогтон нэгэн гэр улс болж… оршин суухыг хүсэж ирсэнийг үндэслэж” Японд дайн зарласан байна.

Цагаан хэрэмнээс Сибирь хүртэл монгол овогтой, бурханы шашинтнуудыг нэгтгэж, Нармай Монгол Улсыг байгуулах стратеги нь чухамдаа Богдын үед үндэслэгдсэн бөгөөд хожмын Монголын үе үеийн удирдагчдын үзэл санаа, үйл хэргийн гол чиглэл болж явсаар ХХ зууны дунд үед дэлхийн II дайны дараа л мөхжээ.

Богд хааныг нийгмийн шинэчлэгч байсан эсэхтэй маргах нь утгагүй юм.  Юуны өмнө түүний байгуулсан Засгийн газар Монголын түүхэнд орчин үеийн яамдын бүтэцтэй анхны Засгийн газар юм.

Өнөөдөр ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гол яамдууд чухам Богдын Засгийн газарт л анх бий болж, өнөөдөр бид 105 жилийн ойг нь тэмдэглэж байна.  Мөн түүний санаачилгаар анхны иргэний сургуулиуд байгуулагдаж, парламентын хоёр танхим маягийн бүтэц бий болох эхлэл тавигдаж, холбоо харилцаа, технологи чөлөөтэй нэвтэрч байв.

Түүхийн сонин холбогдлоор ХХ зууны эхэнд Монгол, Төвд хоёр тусгаар тогтнолоо зарлаж, удирдлагадаа шашны тэргүүнүүдээ залжээ.

Монголчууд Богд Жавзандамбыг хаан ширээнд залсан бол, төвдүүд Далай ламын инститүцээ хэвээр хадгалжээ.

Зуун жил өнгөрөхөд Монгол бүрэн эрхт тусгаар улс болон хөгжиж, Төвд дэлхийн газрын зургаас арчигдаж алга болсон байна.  Богд хаан жижиг орны нээлттэй гадаад бодлогыг үндэслэж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, улс төрийн дэглэм үл харгалзан бүх орнуудтай харилцаа тогтоохоор түүний элч нар өдөр шөнөгүй сүлжилдэж, улс орондоо орчин үеийн холбоо харилцаа, технологи, төмөр зам нэвтрэхийг ч чөлөөтэй хүлээн зөвшөөрч байсан төдийгүй биечлэн үлгэрлэгч нэгэн байлаа. Зарим талаараа өнөөдрийн удирдагчдаас илүү эдийн засгийн нээлттэй бодлого явуулж байсны гэрч Ноён уул дахь “Монголор” алтны компанийн үйл ажиллагаа юм. Энэ бүхний үр дүнд Монголын тухай дэлхий мэдэж, судалж, хамтран ажиллаж энэ хэрээр хүлээн зөвшөөрөгдөж  тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан байдаг.

Харин Төвдийн Далай ламын инститүц Богдын эсрэг бодлогыг баримталж, нээлттэй биш хаалттай улс байхаар шийдэж хилээ хааж, иргэншлээс зугтах оролдлого хийж нам жим суухаар шийдэв. Дэлхийн хувьд Төвд нь хүн нэвтрэх аргагүй нууцлаг орон, төвдүүд л амьдрах хаалттай газар болон хувирч технологи, харилцаа холбоо орчин үеийн юм бүхнээс зугтахаар шийдэв. Тэнд зөвхөн нэг амьд бурхан, түүний үнэнч шүтлэгтнүүд л байх бодлого явуулжээ.

Харамсалтай нь өнөөдөр Төвд улс гэж байхгүй, Далай ламын инститүц өөрөө дэлхийгээр нэг хэсэж явдаг цуваа болж хувирчээ. Жижиг улс хаалттай байх, нээлттэй байхын ялгааг Богд хаан харуулж бас нотолж чадсан юм” гэлээ.