АН-ын даргын сонгуульд өрсөлдөх хүмүүс бүрэн тодорч дууссан билээ. Тодруулбал, намын даргад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нарын таван хүн өрсөлдөхөөр болоод байна.
Өнөөдөр нэр дэвшигчдэд үнэмлэхийг гардуулах учиртай. УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хувьд нэрээ татсан гэнэ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж “Сунгаанд бүрэн итгэлтэй байсан ч нам дотоод нөөцөө ганц өрсөлдөөнөөр шавхах хэрэггүй гэж үзээд нэрээ дэвшүүлсэнгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн намын даргад өрсөлдөнө гэж байсан Л.Болд, П.Цагаан зэрэг хүмүүс материалаа бүрдүүлж өгсөнгүй. Түүнчлэн АН-ын Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний гишүүн М.Чимэддорж намын даргын сонгуульд өрсөлдөхөөр холбогдох бичиг баримтаа өгсөн ч түүнийг хасчээ. Учир нь тэрбээр намын даргын сонгуульд өрсөлдөх зардал болох 250 сая төгрөгийг бүрдүүлж өгч чадаагүй юм байна.
Ингэснээр таван хүний хооронд л өрсөлдөөн болохоор боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!