Хүйтний эрч чангарч буй энэ үед ихэнх хүн дулаан хувцасны эрэлд гарч байна. Энэ жилийн хувьд өвлийн хувцас ямар үнэтэй байгаа болон иргэдийн худалдан авалт ямар байгаа талаар сурвалжиллаа.
“Манайд Бээжингээс ирсэн булган шубанууд байгаа. Үнэ нь 1.2 саяас эхэлнэ. Мөн үнэгний үсэн оруулгатай залуу охидод зориулсан гоёмсог хүрэм, куртканууд ч байна” хэмээн "Улаанбаатар" их дэлгүүрийн нэг давхарын худалдагч бүсгүй ярив. Энэ тасагт нэлээд эмэгтэйчүүд булган шуба өмсч сонирхоно.
Үйлчлүүлэгч олонтой байсан тул дөрвөн худалдагч хүмүүст үйлчлэх аж. Үйлчлүүлэгч нэгэн эмэгтэйгээс өвлийн хувцасны үнэ ханш ямар санагдаж байгааг асуухад “Би 2 саяд багтаан шуба авах гэж ирсэн юм. Ер нь үнэ ханш боломжийн санагдаж байна” гэсэн юм.
Тус тасгаас гарч дээд давхруудад очвол хөл хөдөлгөөн харьцангуй бага байв.
Ихэнх тасагт худалдагчаас өөр хүн байхгүй харагдана. Зарагдаж буй куртканууд материал, загвараас шалтгаалан зарим газарт 295-300 мянга, дундаж урттай бол 324-414 мянга зэрэг харилцан адилгүй үнэтэй байв. Мөн энэ жил ирсэн загваруудын тухайд өмнөх жилийнхийгээ бодвол илүү үнэтэй. Жишээлбэл, нэг тасагт өмнө жил ирсэн куртканууд хямдраад 178 мянга болсон бол энэ жилийнх нь 328 мянган төгрөг болж хямдарчээ.
"Улаанбаатар" их дэлгүүр дэх “Miss amor” тасгийн худалдааны зөвлөх н.Болормаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Гадуур хувцасны үнэ ямар байна вэ?
-Булган шуба бол сортоосоо шалтгаалан 1.2-8 саяын хооронд үнэтэй. Харин куртканууд 155-280 мянгын хооронд үнэтэй байгаа.
-Валютын ханш өссөн учраас өмнөх жилийнхийг бодвол энэ жил үнэ бага зэрэг нэмэгдсэн байх?
-Ер нь нэмэгдсэн байгаа.
-Иргэдийн худалдан авалт хэр байна вэ?
-Арваннэгдүгээр сар дундаа орох гэж байгаа энэ үед хүмүүс өвлийн хувцсаа бэлтгээд бараг дууссан байх үе. Гэвч энэ жил худалдан авагч багатай байна.
Түүний ойр орчмын тасгуудад ажиллаж буй худалдааны зөвлөх нар ч түүнтэй адил зүйлийг хэлж байв. Зарим тасагт өмнөх жилийн үнээр зарж байгаа ч худалдан авалт бага байгаа нь эдийн засаг хүндрэлтэй холбоотой гэж байсан юм. Мөн тэдний хэлж буйгаар хүмүүс хувцасны чанар эдэлгээнээс илүү хямд үнийг нь харж сонголтоо хийх болсон гэв.
Харин "Улаанбаатар" их дэлгүүрт гутал хамгийн багадаа 195 мянган төгрөгөөс эхэлж байв.
Бид Улаанбаатар их дэлгүүрийн дараагаар III, IV хорооллын "Билэг" их дэлгүүр болон "10000 нэрийн барааны худалдааны төв"-ийг зорилоо. "Билэг" их дэлгүүрийн зарим тасагт куртка 85 мянгаас эхлэх ч ихэнхдээ 150 мянга ба түүнээс дээш үнэтэй байх аж. Харин "10000 нэрийн барааны худалдааны төв"-д хүмүүсийн хөл хөдөлгөөн харьцангуй их байсан юм. Голдуу их сургуулийн оюутан охид найзуудаараа хамт явж, нэгэндээ хувцас сонгоход нь туслах аж.
Тус худалдааны төвөөр үйлчлүүлж буй Н.Оюунцэцэг “Гадуур хувцас үнэтэй байна. Аятайхан харагдсан хувцасныхаа үнийг асуухад 100-200 мянгын хооронд үнэ хэлнэ. Гэтэл бид чинь ганцхан куртка авахгүй шүү дээ. Гутал, малгай, ороолт гээд авах юм зөндөө. Тиймээс гадуур хувцас үнэтэй санагдаж байна” хэмээн ярилаа.
Тус худалдааны төвд өвлийн хувцсыг 80-260 мянгын хооронд худалдаалж байлаа.
"10000 нэрийн худалдааны төв"-ийн түрээслэгч Н.Батчулуун “2016 оны эхнээс эхлээд хүмүүсийн худалдан авалт муудсан. Засгийн газрын бодлого, эдийн засгийн хямрал, валютын өсөлт үүнд нөлөөлж байгаа. Ам.доллар өсөхийн зэрэгцээ юань дагаад л өсчихөж байна. Валют өсөөд барааны үнэ нэмэгдээд байдаг, гэтэл худалдан авах чадвар байхгүй.
Ард түмэн үнэтэй юм авч чадахгүй. 60-70 мянга эсвэл түүнээс доош үнэтэй юм худалдан авах сонирхолтой болж. Ажиглаад байхад хөгшин залуугүй хүмүүс өмнөх жилийн хуучин хувцсаа өмссөн байна. Шинэ загварын хувцас оруулаад ирэхэд үнэтэй юм авч чадахгүй гэнэ. 2014 оны хуучин үнээр нь үнэлээд тавьж байхад л авч чадахгүй байгаа. Тэгэхээр валютын савлагаанаас болж, ард түмний амьдрал яаж өөрчлөгдөж байгаа нь харагдаж байна” хэмээж байв.
“Бөмбөгөр” худалдааны төв бол бидний дараагийн зогсоол байв. Энд хувцасны үнэ харьцангуй хямд байсан юм. Тус худалдааны төвийн үүдээр ороход л “Өвлийн дулаахан курткаа аваарай” хэмээн хэн нэгний чангахан дуу сонсогдов.
Энэ бол бараагаа сурталчлах шинэ арга гэнэ. Өвлийн эрэгтэй куртка худалдаалдаг нэгэн түрээслэгч үйлчлүүлэгчдийн анхаарлыг өөртөө татахын тулд энэ аргыг хэрэглэх болсон бөгөөд түүний зарж буй куртканууд багадаа 45 мянган төгрөгөөс эхэлнэ.
Харин эмэгтэй курткыг хамгийн багадаа 50 мянгаар энэхүү худалдааны төвөөс авах боломжтой. Куртканы загварын тухайд ихэвчлэн сул, урт буюу ерөнхийдөө спорт хэв маягийнх байх аж. Учир нь энэ төрлийн загварыг залуу охид ихэд сонирхдог гэнэ. Тиймээс үнэ хямд, олон өнгийн сонголттойгоор худалдаачид зарах болжээ.
“Ер нь хамгийн сайн зарагддаг загвар нь энэ гэж хэлж болно. Үнэ нь хямд, дээрээс нь яг одоогийн загвар. Одоо цагт охид сул нэлмэгэр хувцсанд их дуртай болсон. Харин нарийн загвартайг куртканууд бүх насныханд тохиромжтой учраас мөн л дажгүй зарагддаг” гэж түрээслэгч Х.Анхмаа ярилаа.
Мөн энэ төвд худалдаа хийж буй түрээслэгчдийн зарим нь юань хэт өсч байгаа учраас барааны үнээ нэмэхээс аргагүй болж байна гэсэн юм. Гэвч иргэдийн худалдан авах чадвар суларсан учраас багахан нэмэгдэлтэй үнээр зарж, зарим тохиолдолд ашигтай ажиллаж чадахгүйд хүрлээ гэцгээж байв.
Ийнхүү валютын ханшийн өсөлт, эдийн засгийн хүндрэл бизнесийн салбарт бүрд нөлөөлж байна. Гэвч энд та нэг зүйлийг ажигласан байх. Тансаг хэрэглээнд тооцогдох булган шуба 1.2 сая төгрөгийн үнэтэй байгаа нь бэлтэй худалдан авагчдад боломжийн санагдаж, эрэлт ихтэй байв. Гэтэл түүнээс 10 дахин бага үнээр худалдаалагдаж буй куртканууд хэт үнэтэй байна хэмээн худалдан авагч нар хэлж байгаа юм.
Мөн худалдан авалт тааруу байгаа гэдгийг бидэнтэй уулзсан худалдагч нар ярьж байлаа. Үүнээс үзвэл хямралд бага орлоготой иргэд илүү өртөж улам бүр ядуурсаар байна. Харин дунд буюу дундаас дээш орлоготой иргэд хямралыг үл ажран үрэлгэн хандлагаа бууруулж чадахгүй байгааг харуулж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
|