"Шенхуа Энержи" Монголоос нэг тэрбум тонн нүүрс авна
Уул уурхайн яамнаас cap бур зохион байгуулдаг “Ил тoд уул уурхай” хурлаа хийлээ.
Тус яам геологи, уул уурхайн салбарт хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар мэдээлэл өгснийг товчлон хүргэе.
Шатах хийн орд ашиглан үйлдвэр байгуулна
Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулах ажлыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр шийдсэн.
Энэ үйлдвэрийн талаар Уул уурхайн яамнаас дэлгэрэнгүй мэдээллээ.
Монгол Улсын Уул уурхайн яам, Хятадын Газрын тос-химийн корпораци “SINOPEC”-ийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулах шатах хийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилготой бөгөөд энэхүү үйлдвэр нь эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.
Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглах юм. Өөрөөр хэлбэл, жилд өнөөдрийн ханшаар тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хүрэн нүүрсийг ашиглана. Энэхүү шатах хийн 10 орчим хувиар Улаанбаатар хотын гэр хорооллыг түлш, дулаанаар хангах боломжтой гэж буй юм. Хийн түлшийг энэ төслийн хүрээнд үйлдвэрлэж, гудамж төслийн хүрээнд Улаанбаатар хотод хийн түлшийг дамжуулах хоолойн сүлжээг бий болгох асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам хамтран төлөвлөх юм байна.
Улмаар 2016 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллыг хийн түлшээр хангах асуудлыг шийдвэрлэх эхлэл тавигдах аж. Үйлдвэр болон түүний салбар аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 20 мянга орчим хүнийг ажлын байраар хангахаар урьдчилан тооцоолжээ.
Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлнэ
Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ нэмэгдэж байгаатай уялдуулан Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Уул уурхайн яамны харьяа Газрын тосны газар, Хятадын “Петрочайна интернэйшнл” компанийн хооронд байгуулжээ.
Манай улс сард 10 мянган тонн хүртэл хэмжээний шатахууныг урд хөршөөс авахаар тохирсон байдаг аж Энэ санамж бичгнйг байгуулснаар шатахууны дотоодын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах, жижиглэнгийн үнийн өсөлтийг зохицуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх бололцоотой болно гэж мэдэгдэв.
Мөн Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажил ирэх сарын дундуур дуусах бөгөөд энэ байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой болох юм байна. Өөрөөр хэлбэл, одоогийн нийлүүлж буй хэмжээнээс дөрөв дахин нэмэгдэж манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сарын хэрэглээний 40-50 хувийг БНХАУ-аас импортлох боломжтой болох гэнэ.
Тэрбум хүртэл тонн нүүрс БНХАУ-д нийлүүлнэ
Монгол Улсын нүүрс экспортлогчдыг төлөөлж Монгол Улсын “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд Хятадын “Шенхуа Энержи” компанитай хорин жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрсийг олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Мөн зах зээлийн нөхцөлтэй уялдуулан олон улсын зах зээлд худалдаалах боломжийг талууд хамтран судлахаар тохиролцсон байна. Дээрх хэмжээний нүүрсийг өнөөгийн ханшаар тооцож үзэхэд 20 жилд 50 шахам тэрбум ам.долларын борлуулалт болох юм.
Алт олборлож төлөвлөсөн хэмжээнээс давав
2013 оны эхний есдүгээр сарын байдлаар авч үзвэл зэсийн үйлдвэрлэл 542.4 мянган тн буюу 77 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 2.777.0 мянган тн буюу 101 хувийн гүйцэтгэлтэй, зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 81 хувьтай гарчээ.
Харин нүүрсний үйлдвэрлэл 19.7 сая тн буюу 76 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 178.2 тэрбум төгрөг буюу 53 хувьтай байна.
Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давсан буюу 6985.1 кг-ыг олборлож 194 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 165 хувьтай гарсан бол төмрийн олборлолт 4.441.3 мянган тн буюу 60 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 40 хувьтай байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 80.6 мянган тн буюу 194 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
Ашигт малтмалын газар нийт 28.867.32 сая төгрөгулсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 26.281.54 сая төгрөг буюу 90.6 хувь, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.407.44 сая төгрөг буюу 140.7 хувийн гүйцэтгэлтэй байна.
Газрын тосны газар нийт 116.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 104.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба газрын тосны орлого 104 тэрбум төгрөг буюу 104.1 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 2.7 тэрбум төгрөг буюу 134.7 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
