Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засаг хумигдах жил айсуй

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 9 сарын 29
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Монголбанк ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-д танилцуулахад бэлэн болжээ. Эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад ирэх оны мөнгөний бодлого үндсэндээ чиглэж байна. Үүнээс гадна макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах, эдийн засаг дунд, урт хугацаанд тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэхэд Төв банк гол анхаарлаа хандуулах нь.

Монголбанк инфляцын зорилтот шинэ түвшинг тодорхойлж, 2017-2019 онд хэрэглээний үнийн индексийг жилийн найман хувиас дээшгүй түвшинд байлгахаар зурагласан байна.

Өнгөрсөн оны өдийд инфляцыг энэ онд долоон хувиас хэтрүүлэхгүй байлгахаар мөнгөний бодлогыг зурж байв. Тэгвэл энэ онд дефляци руу гулссан үзүүлэлтийг инфляц болгох, улмаар найман хувь руу хөтлөх бодлогын арга хэмжээг Төв банк ирэх онд авахаар сонгожээ.

Эдийн засгийн өнөөгийн байдлыг хэвийн горимд шилжүүлэхэд Монголбанкны ирэх оны мөнгөний бодлого чиглэхээр байна. Ингэснээр дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын чанартай арга хэрэгслийг төсвийн бодлоготой уялдуулан нэвтрүүлэх аж.

2017-2019 онд хэрэглээний үнийн индексийг жилийн найман хувиас дээшгүй түвшинд байлгахаар зурагласан байна.

Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих юм. Уг төслийг маргааш Мөнгөний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр зэхжээ.

Төв банк ирэх онд макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцсэн, уян хатан ханшийн бодлого баримтлах нь. Мөн банкны салбарын эрсдэл даах чадварыг хадгалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар мөнгөний бодлогод тусгажээ. Инфляцын зорилтыг эс тооцвол өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн мөнгөний бодлого хэвээр үргэлжлэх нь.

Хэрэв ирэх онд инфляцыг найман хувьд хүргэхээр “тунхагласан” бол одоогийн бодлогын хүү буурна гэсэн үг. Харамсалтай нь, голлох зорилтоо гурван жилээр гаргав. Дунд хугацаагаар инфляцын түвшинг тооцож байгаа нь эдийн засагт болон төсөвт найдаж буйн илрэл гэж хэлж болохоор. Эндээс ирэх онд төсөв болон мөнгөний бодлого хатуу хэвээр, эдийн засаг хумигдах дүр зураг ажиглагдаж байна.

Монголбанкны “онилж” буй инфляцын дээрх зорилтыг гурван эдийн засагч тутмын хоёр нь хэт ерөнхий гэж үзэж байна. Тэр тусмаа он дамнасан зорилтыг дэвшүүлж байгаа нь мөнгөний бодлого ирэх онд ч хатуу төлөвт хэвээр хадгалагдахаар байгааг нэмж хэллээ. Тоймлон хэлбэл, итгэж болох бодлого гэж таван эдийн засагч тутмын хоёр нь дүгнэж байна.

Үлдсэн нь эсрэг саналтай байгаа юм. Монголбанкны ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлээс үзэхэд, ирэх онд Төв банк хатуу төлөвөө хадгалах магадлал өндөр байгааг зарим эдийн засагч хэлж байгаа юм. Тодруулбал, энэ оны наймдугаар сард 4.5 нэгжээр нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн бодлогын хүү ирэх жил хэвээр үлдэх нь.

Төв банкны зүгээс инфляцын дунд хугацааны төлөв байдлыг эергээр харж байна. Энэ нь инфляцыг 2017-2019 онд жилийн найман хувиас дээшгүй түвшинд байлгах зорилтоос илэрч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд мөнгөний бодлогод инфляцын зорилтыг жилээр тодорхойлж ирсэн. Тэгвэл энэ оны мөнгөний бодлогод инфляцын зорилтыг гурван жилээр төсөөлжээ.

Дөрвөн жилийн өмнө инфляцыг найман хувиас доошгүй түвшинд оруулахаар мөнгөний бодлогын үндсэн чиглэлд зорилт болгон дэвшүүлсэн. Харин энэ удаад хасах утгатай инфляцыг найман хувиас дээшгүй түвшинд хүргэхээр Төв банк зорих нь. Гэхдээ гурван жилийн хугацаагаар зорилтоо гаргасан нь анхаарал татаж байгаа юм. 

Зураг