Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийнхээ ДАРХЛААГ хэрхэн дэмжих вэ?

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд дархлаа хэвийн байхын тулд нойр, хоол, орчны олон янз байдал нөлөөлдөг талаар мэргэжлийн эмч нар зөвлөдөг. 

Тиймээс бид багачуудын дархлааны талаар анхан шатны ойлголт өгөхөөр СБД-ийн ЭМТөвийн тэргүүлэх зэргийн хүүхдийн эмч Л.Алтансувдтай ярилцаж зөвлөгөө авснаа хүргэж байна. 

Дархлаа гэж юу вэ. Тэр дундаа бага насны хүүхдийн дархлааны тухай бидэнд мэдээлэл өгнө үү?

- Дархлаа нь заавал бага насны гэлтгүй хүн болгонд байх ёстой. Энэ нь бие организм гадаад орчноос өөрийгөө хамгаалахын тулд дасан зохицох урвалыг хэлж байгаа юм. Аливаа өвчлөлийг үүсгэх нян, бактери, вирус зэрэг нь бие организмд ороход эрхтэн систем өөрийгөө хамгаалж, өвчлөхөөс сэргийлэх тодорхой хэмжээний системтэй үйл ажиллагаа явагдаж, бактерийн эсрэг тэмцэх бодисыг ялгаруулж байдаг. Ялгарсан бодис бактерийг устгаж байдаг дархлааны систем ийм нарийн зохион байгуулалттай юм. 

Зориудаар дархлааг сайжруулах үүднээс 0-15 нас хүртэлх хугацаанд хүүхдийн амь насанд маш аюултай А, В хэлбэрийн шар өвчин, саа, сахуу татран, улаан бурхан, улаанууд, гахайн хавдар гэх зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх  вакцин хийдэг. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хийдэг. Ийм дархлаажуулалтын үйл ажиллагаанд хугацаанд нь хамрагдаж байх ёстой бөгөөд үүнд хамрагдсанаар хүүхдийг аливаа халдварт өвчнөөс сэргийлж байна гэсэн үг юм.

Хүүхдийн дархлаа сулрахад ямар ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ?

- Хүүхдийн дархлаа буруу хооллолтын үед, тухайлбал нярай хүүхдийг хөхөөр хооллоогүйгээс болж дархлаа нь мууддаг. Эсвэл хүүхэд ханиад томуу, суулгалт, харшил зэрэг ямар нэг өвчин туссаны дараа дархлаа нь суларна. Үүнээс гадна гадаад орчин, ахуйн нөхцөл, хүүхдийн асаргаа сувилгаа, эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хооллох зэрэг хүүхдэд үзүүлж байгаа янз бүрийн орчны нөхцөл байдал хүүхдийн дархлаанд нөлөөлж байдаг. 

Хүүхэд ханиад томуу, суулгалт, харшил зэрэг ямар нэг өвчин туссаны дараа дархлаа нь суларна.

- Дархлаа муудахаас яаж сэргийлэх вэ. Хэрвээ муудсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

- Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийг тухайлбал зуны улиралд чийрэгжүүлэх нь хамгийн чухал. Энэ насны хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэхийн тулд цэвэр агаарт байлгах, хоол хүнсэндээ анхаарах, сайн унтуулж амрааж ядраахгүй байх гэх мэт энгийн зөв дадал хэвшлийг баримталбал заавал зориудаар эм тариа хэрэглэх шаардлагагүйгээр, бие организмд өөрийгөө хамгаалах бүхэл бүтэн том систем ажилладаг учраас өөрөө дархлаагаа сэргээж байдаг. Нярай хүүхдийн хувьд хамгийн чухал нь хөхөөр хооллох, хугацаандаа вакцинжуулалтанд хамрагдах ёстойг эцэг, эхчүүд анхаарч байх хэрэгтэй. 

- Хүүхдийн дархлаа өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлдөг вэ?

- Бие организмын дархлаа сул байх нь мэдээж хүүхдийн өсөлт хөгжилтөд шууд нөлөөлнө. Өвчлөмтгий, дархлаа султай хүүхдийн өсөлт бойжилт бусад хүүхдийг бодвол бие жижигтэй, хөдөлгөөн багатай гэх мэт хоцрогдмол байна.

- Дархлаа суларсан хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

- Дархлаа султай хүүхэд ерөнхийдөө амархан өвчлөмтгий л байна. Юу л болно хамгийн түрүүнд ханиад хүрнэ, хоолондоо дургүй болно. Мөн багахан зэргийн юманд л харшил өгч, амархан харшламтгай болчихдог. Ер нь гаднаас нь харахад иймэрхүү ерөнхий шинж тэмдгүүд л илэрдэг. 

- Бага насны хүүхдийн дасгал хөдөлгөөн, нойр дархлаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

- Сүүлийн үед хүүхдүүд компьютер тоглоом их тоглож, зурагт их үздэг болчихсон. Энэ нь хүүхдийг ядаргаанд оруулж, ядаргаанаасаа болоод дархлаа нь сулардаг. Үүнийг эцэг, эхчүүд онцгой анхаарч, зурагт компьютерийн урд суухыг нь хязгаарлаж, цаг нартай байлгах хэрэгтэй. Компьютер, зурагтын оронд гадаа тоглуулж, хөдөлгөөнтэй байлгах нь илүү тустай юм.

- Хүүхдийн дархлааг дэмжих амин дэм, витамин, эм бэлдмэлийн тухай дурдвал?

- Хүүхдийн биеийн өсөлт хөгжил, нас насанд нь тохирсон бүх комплекс витаминууд байдаг. Ерөнхийдөө 0-1 насны хүүхдэд ихэвчлэн сиропоор, 2-оос дээш насны хүүхдэд голдуу шахмал хэлбэртэй, өдөрт нэг удаа уух хуваарьтайгаар эмийн сангуудад худалдаалдаг. Эдгээрийг авч өгөхөд илүүдэхгүй, гэхдээ мэдээж эмчийн зөвлөгөө зааврыг зааврын дагуу хэрэглэх ёстой. 

- Хүүхдийн дархлааг гэрийн нөхцөлд сайжруулах арга, сайжруулахад хамгийн тустай хүнсний бүтээгдэхүүн, хоол тэжээлийн тухай зөвлөвөл?

- Хүүхдийн дархлааг гэрийн нөхцөлд сайжруулахын тулд нар ус, цэвэр агаарт явуулж чийрэгжүүлэх, хүүхдэд тохирсон хоол хүнс, амин дэмээр баялаг ногоо, жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал байдаг. Мөн бүх төрлийн хүүхдийн биеийн хөгжил, насанд тохирсон витаминыг уулгаж болно. 

Хавар, намрын улирлын үед хүүхдийн дархлаа их сулардаг учраас томуу, томуу төст өвчин тусах нь элбэг байдаг.

Үүнээс сэргийлэхийн тулд:

  1. ам, хамрыг нь содатай усаар тогтмол зайлуулах
     
  2. хүүхдээ сайн унтуулж амраах
     
  3. хоол унд, хүнсний бүтээгдэхүүн ялангуяа хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг амин дэмээр баялаг хоол унд өгөхөд анхаарах хэрэгтэй. 
     
  4. Үүнээс гадна манайхан хүүхдээ улирал улиралд нь тохируулж хувцасладаггүй. Даарснаас болж их дархлаа сулардаг учраас хүүхдийг дааруулахгүй бас хэт халууцуулахгүй байх зэргийг эцэг эхчүүд бас анхаарах нь зүйтэй юм.  

Л. Алтансувд эмч хүүхдийн дархлаанд зөв хооллолт, цэвэр агаар, нойр, хөдөлгөөн хамгийн чухал талаар онцоллоо. Тиймээс бид эцэг, эхчүүд та бүхэнд зориулж 1-9 хүртэлх насны хүүхдийн өдөрт авах хоолны илчлэг, зөв хоололт, хүүхдэд ээлтэй орчин хэрхэн бүрдүүлэх, 3 хүртэлх насны хүүхдийн өдрийн дэглэмийн жишээг “Эх хүүхдийн эрүүл мэнд” гарын авлага болон бусад эх сурвалжаас хүргэж байна. 

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ӨДӨРТ АВАХ ИЛЧЛЭГИЙН ХЭМЖЭЭ

Нас

Өдөрт авах илчлэгийн хэмжээ

1

1-3 нас

1,200-1,400 ккал

2

4-6 нас

1,500-1,750 ккал

3

7-9 нас

1,700-1,950 ккал

 

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ?

 

 

  1. Хүүхдийн бие махбод маш хурдан өсөж торних тул түүнд цэвэр агаар нэн шаардлагатай. 
     
  2. Дулааны улиралд хүүхдийг төрсний дараах долоо хоногтойгоос нь гадаа гаргаж, хооронд нь завсарлагатайгаар 10-15 минутаас 2-3 цаг хүртэл агаарт байлгана.
     
  3. Сүүдрэвчинд агаарт унтуулсан ч болно. 
     
  4. Сэрүүний улиралд хүүхдийг +20-+22°С дулаан өрөөнд 2-3 минут нүцгэн байлгаж, аажмаар хугацааг 10-5 минут хүртэл уртасган сэрүүнд дасгасны дараа гадаа гаргаж болно. 
     
  5. Намар өвлийн улиралд 2-3 долоо хоногтойгоос нь дулаан хувцаслан -10- -15°С-ээс илүүгүй хүйтэнд салхигүй тогтуун үед агаарт 3-5 минут гадаа гаргаж болно. 
     
  6. Салхи шуургатай, агаарын бохирдол ихтэй үед хүүхдийг гадаа гаргах хэрэггүй. Харин цас, бороо орсны дараахан агаар цэнгэг байдгийг сануулах юун. 
     
  7. Хэдийгээр хүүхдийг гадаа (агаарт) гаргадаг ч гэсэн хотын агаар бохирдол ихтэй учир амралт чөлөөгөөрөө хүүхдээ авч хотоос гадагш цэвэр агаарт зугаалах нь ашигтай. 

12 CAPAAC 2 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙГ ХЭРХЭН ЗӨВ ХООЛЛОХ ВЭ?

 
  1. Хүүхдийг 2 нас хүртэл нь хөхнөөс гаргах хэрэггүй. Хүүхэд ойноосоо өнгөрсөн ч гэсэн хүссэн үед нь хөхүүлж бай. 
     
  2. Тохирох хоолыг өгөх бүрдээ шинээр бэлтгэж өг.
     
  3. Нэг удаагийн хоолны хэмжээ аяга илүү буюу 250-300 мл орчим. Өдөрт 5 удаа хооллоно.
     
  4. Хүүхдийн хоолонд төмс, байцаа, лууван, тараг, хоормог, ээдэм, бяслаг, өндөг, мах өргөн хэрэглэнэ. 
     
  5. Хүүхдийг өөрөөр нь хооллуулж сургахыг хичээ. 

ХҮҮХДЭД ЯМАР ХООЛ ӨГӨХ ВЭ? 

  1. Хүүхдийн будааны агшаамал ба зутанг сүүгээр бэлтгэж, цөцгийн тос, шар тос, ургамлын тосны аль нэгийг нэмээд элсэн чихрээр амтал. 
     
  2. Сайтар хярж жижиглэсэн махтай бантан бэлтгэж, дээр нь аарц, ээдэм, бяслаг, ногоо, өндөгний шарын аль нэгийг мөн цөцгий буюу ургамлын тос нэмж өгнө. 
     
  3. Тараганд элсэн чихэр буюу зөгийн бал, ургамлын тос эсвэл цөцгий, ээдэм нэмж хий. 
     
  4. Гэрийнхээ хоолноос шүүж, өтгөн хэсгийг нь нухаж жижиглэн өгч болно. (Амаараа зажилж өгч болохгүй)
     
  5. Хоолны хооронд боломжтой бол ногоо, төмсний нухаш, шүүс өгнө. 
     
  6. Хоолны хооронд хүүхдэд талхны зах, боорцог бариулж болно.

Зохистой хооллолт нь хүүхдийн бие бялдар, сэтгэхүйн хэвийн өсөлт хөгжилтийг хангаад зогсохгүй гадаад орчны харш /сөрөг/ нөлөөллийг эсэргүүцэх чадвартай, эрүүл чийрэг өсөн торнихын үндэс болдог. 

5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ӨСӨЛТ, ХЭВИЙН БАЙГАА НЬ ДАРААХ ШИНЖ ТЭМДГҮҮДЭЭР ИЛЭРНЭ

Үүнд: 

  • жин нь нэмэгдэх /хүнд болох/ 
  • өндөр болох 
  • том болох 
  • хувцас нь багадаж таарахгүй болох 
  • арьс нь цэвэр өнгөлөг байх 
  • үс нь гялалзана
  • нүд нь сэргэлэн, хараа нь сайн байх 
  • хоол идэх дуртай болох 
  • хөдөлгөөн сайтай, тоглох дуртай байх 

Хүүхдийн хоол тэжээл тохирч эрүүл саруул өсч байгааг хүүхдийн сэргэлэн цовоо байдал, өдрөөс өдөрт өөрчлөгдөж өсч хөгжиж байгаа хөдөлгөөний болон мэдрэл, сэтгэхүйн хөгжил, уур уцааргүй, идэвхтэй байдлаар нь бид мэдэрч байдаг ч насандаа тохирсон, өсөлт нь хэвийн байгааг нарийн мэдэж байх шаардлагатай байдаг.

ХҮҮХДИЙН ӨДРИЙН ДЭГЛЭМ

 

 

Хүүхдийг эрүүл зөв хүмүүжүүлэх үндсэн нөхцөл нь зөв зохион байгуулалттай, өдрийн дэглэм байдаг. Хүүхдийн унтах, сэрүүн байх, тоглох зэрэг нь тогтмол цагт байвал болзолт рефлекс амархан үүсч хүүхэд өдрийн дэглэмдээ хэвшдэг. 

1.5 сартайгаас 3 хүртэлх насны хүүхдийн унтах цагийн хуваарь

 

 

Хүүхдийн нас

Хооллох

Унтах

Тоо

Хоорондын зай

Өдөр унтах тоо, цаг

Шөнө унтах цаг

Хоногт унтах бүх цаг

1

1.5-2 сар

7

3

4 2-1.5

 

 

 

10-11

18-17.5

2

3-5 сар

6

3.5

4 2-1.5

17.5-16.5

3

6-8 сар

5-6

3.5-4

3 2-1.5

16.5-15.5

4

9-12 сар

5

4

2 2.5-2

15.5-15

5

1.5-2 нас

5

4

2 2.5-1

14.5-14

6

2-3 нас

5

4

1 2.5-2

11-12

Өдрийн дэглэмийн хамгийн чухал хэсэг нь нойрсолт. Хүүхэд унтах цагт гэрэл, радиог унтрааж, хүчтэй цочруулагчаас тусгаарлан нам дуугаар ярилцах нь чухал.