Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Инфляцийн урт хугацааны төлөв сөрөг байна

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 7 сарын 26
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Монголбанкнаас энэ он гарсаар хоёр дахь удаагаа “Инфляцийн төлөв байдлын тайлан”-г танилцуулж байна.

Улирал тутам гардаг уг тайлангаас мөнгөний бодлогын хэрэгжилтийг давхар харж болох юм. Шинэ тайлангаас үзэхэд, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал таатай бус хэвээр. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн багасч, эдийн засгийн өсөлт саарсан дүр зурагтай харагдаж байна. Засгийн газрын хэрэглээ өссөн бол өрхийн хэрэглээ буурсан дүнтэй гарчээ. Эдгээр үзүүлэлт нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байгааг тус тайланд дурдсан байна.

Эдийн засгийн идэвхжил буурахын хэрээр төсвийн орлого тасарч, төсвийн хөрөнгө оруулалтын бууралт үргэлжилсээр. Хөдөлмөрийн захын байдал энэ оны эхний улиралд уруудсан юм.

Энэ оны нэгдүгээр улиралд ажил эрхлэлт буурч, ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдсэнийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын судалгаанаас харахад илүүдэхгүй.

Засгийн газрын хэрэглээ өссөн бол өрхийн хэрэглээ буурсан дүнтэй гарчээ. 

Тоймлон хэлбэл, энэ оны эхний хагаст хөдөлмөрийн зах дорвитой сэргэж чадсангүй. Хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд тасралтгүй хумигдаж байгаа нь дээрх байдалд илүүтэй нөлөөлжээ.

Хэрэглээний үнийн индекс зургаадугаар сарын эцэст 2.9 хувийн өсөлттэй гараад байна. Мөнгө үнэгүйдэхийг инфляци гэж хэлдэг. Инфляцийн хэмжээг хэрэглээний үнийн индексээр тооцож ирсэн. Хэрэглээний үнийн индекс хэрэглээний сагсанд ордог бараа бүтээгдэхүүний үнээр хэмжигдэж байгаа.

Манай улсын хувьд хэрэглээний үнийн индексийг одоогийн байдлаар 329 бараа бүтээгдэхүүний үнээр тогтоож байна. Тайлан улиралд ихэнх барааны үнэ харьцангуй тогтвортой байжээ.

Гэхдээ инфляцийн төсөөлөл өмнөх улирлын төсөөллөөс бага зэрэг нэмэгдсэн ч өөрчлөгдөх хандлага хэвээр байна.

Инфляцийн төсөөлөл өнгөрсөн улиралд өсөж, улмаар өөрчлөгдөхөд махны үнэ хүлээлтээс өндөр өссөн тул уг “зураглал” эвдэгдсэн. Мөн бодлогын хүүгийн бууралт уул уурхайн бус салбарын эрэлтийг цаашид нэмэгдүүлэхээр байгаа аж. Инфляци энэ оны дөрөвдүгээр улирал хүртэл үргэлжлэн буурах нь. Харин ирэх оны туршид өсөхөөр байгааг “Инфляцийн төлөв байдлын тайлан”-д өгүүлжээ.

Манай улсын хувьд инфляцийн өсөлтөд гол нөлөө үзүүлдэг махны нийлүүлэлт өнгөрсөн онд нэмэгдэж, үнэ огцом буурсан билээ. Үүний нөлөө үргэлжилж, энэ онд хүнсний гаралтай инфляцийг бууруулахаар байсан.

Гэхдээ гадаад орчны нөхцөл байдал сөрөг хэвээр байгааг мартаж болохгүй. Дэлхийн зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд буурсан ч энэ онд энэхүү бууралтын хурд саарч эхэлсэн. Улмаар ирэх онд үнэ өсөхөөр хүлээгдэж байгаа нь хүнсний инфляцийг нэмэгдүүлж мэдэх юм.

Инфляци одоогийн байдлаар Монголбанкны зорилтот түвшнээс хамаагүй доогуур хэвээр байгаа. Үнийн өсөлтийн хурдцаар авч үзвэл мөлхөө инфляци тогтсон. Энэ нь жилд 3-5 хувийн үнийн өсөлтийг хэлдэг юм. Мөлхөө инфляци бий болдог шалтгаан нь мөнгөний нийлүүлэлт.

Харин сүүлийн дөрвөн улирал дараалан агшсан мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний улиралд өссөн дүнтэй гарсан.

Инфляци одоогийн байдлаар Монголбанкны зорилтот түвшнээс хамаагүй доогуур хэвээр байгаа. 

Өрхийн хэрэглээ энэ оны нэгдүгээр улиралд жилийн өмнөх мөн үеэс 1.6 хувиар агшсан.

Өрхийн хэрэглээ ингэж буурахад өрхийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 12.7 хувиар буурсан нь нөлөөлсөн байдаг. Цалин болон хувийн аж ахуйн нэгжийн орлого буурсан нь өрхийн орлого багасахад голлох нөлөө үзүүлсэн гэдгийг дээрх тайланд тэмдэглэжээ. 

Ингэснээр өрхийн сарын бодит орлого сүүлийн зургаан улирал дараалан буураад байна. Өрхийн орлогын бууралт нь тухайн өрхийн сарын дундаж зарлага буурахад нөлөөлдөг. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас хойш өрхийн бодит зарлага дөрвөн улирал дараалан хумигджээ. Энэ оны эхний улиралд өрхийн зарлага өмнөх улирлаас тэлсэн ч жилийн өмнөх түвшнээс агшсан байна.

Тайлант хугацаанд арилжааны банкуудын зээлийн өсөлт саарсан хэвээр буй. Банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл өмнөх оны түвшинтэй харьцуулахад үргэлжлэн хумигдсан аж. Уул уурхай, иргэдийн хэрэглээний зээлийг эс тооцвол эдийн засгийн бүхий л салбаруудын хувьд зээлийн үлдэгдэл сүүлийн дөрвөн улирал дараалан хумигдаад байна. Эдийн засгийн идэвх сул, дотоодын эрэлт, хэрэглээ сэргэхгүй байгаа нь зээлийн эрсдэлийг улам нэмэгдүүлж, эргэн төлөлтөд сөрөг нөлөө үзүүлж байгааг “Инфляцийн төлөв байдлын тайлан”-д дурджээ.

Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын хоёр дахь долоо хоногт хуралдаж, бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Бодлогын хүүг энэ он гарсаар нийт 2.5 хувиар бууруулаад байгаа. Бодлогын хүүг даган банк хоорондын захын хүү буурсан ч харилцах, хадгаламжийн зах зээл агшихын хэрээр банкуудын эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн ширүүсч, харилцах, хадгаламжийн хүү өсөх болсон.
Монголбанкны Ням гарагт зарласан албан ханшаар ам.доллар 2,048.74 төгрөгтэй тэнцээд байна.

Хэдийгээр төгрөгийн ханш суларсан ч гадаад валютын хадгаламжийн хүүнээс төгрөгийн хадгаламжийн өгөөж илүү хэвээр байгаа юм. Төв банкны шинээр томилогдсон ерөнхийлөгчийн өмнө инфляци бус эдийн засгийн идэвхжил сул байгаа нь сорилт болж байна. Мөн төсвийн орлого төлөвлөгөөнөөс дутаж, алдагдал нь оны эхний хагаст 1.1 их наяд төгрөгт хүрсэн нь мөнгөний бодлогын үр нөлөөг хумихаар байгааг эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэлжээ.

Зураг