Шилжилтийн үеийн Монгол & Үндэсний үзэл (Цуврал 1)
Арван жилийн тэртээ Хятадын Нийгмийн ухааны академиас cap тутам хятад хэлээр эрхлэн гаргадаг “Дандай ЯаТай” (“Өнөөгийн Ази, Номхон далай”) сэтгүүлийн 2006 оны №3 дугаарт шилжилтийн үе рүү шилжсэнээс хойш Монгол нь нийгэм-улс төрийн хүрээнд үндэсний үзлээ хэрхэн сэргээж буй тухай шинжилснийг архив сөхөж Монгол уншигчдад дэлгэе. Санаа сургамж авахад маань хэрэгтэй.
...Монголын буддын шашны хүрээнийхэн Далай ламтай онцгой харилцаатай, түүхэн дэх Жавзандамба богд заларч байсан хийгээд түүний 13 дахь дүрийг тодруулах асуудал ч бас эмзэг сэдэв юм.
Далай лам 1990 оноос хойш Монголын шашны хүрээнийхний урилгаар дөрвөн удаа энд айлчилсан. Энэтхэгт байдаг IX богд гэгч 1999 оны долоодугаар сард Монголд хууль бусаар айлчилсан. Энэ бүхэн нь Монгол дахь шашны асуудал нэлээд түвэгтэй болохыг харуулж байна.
Үүнд, Монголын Засгийн газар ямагт хянуур нухацтай хандаж ирсэн. Анхаарал татсан нэг баримт бол 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн М.Энхсайхан Далай ламын хойд дүрийг Монголоос тодруулахыг зөвшөөрнө гэж амлаж дотоод, гадаадынхны анхаарлыг өөртөө татаж байсан. Энэ нь бас л Монголын шашны асуудлын нэгэн ээдрээтэй тал билээ.
Хэдийгээр Засгийн газрын дэмжлэгийг хүлээдэггүй ч гэлээ хэт үндсэрхэг үзэл Монгол Улсад ил далд илэрсэн хэвээр байна. “Ардчилал”, "эрх чөлөө"-ний далбаан дор зарим хүн, зарим байгууллага боломжийг ашиглан хэт үндсэрхэг үзлийг сурталчилсаар байна.
Тухайлбал, Монголд улс төрийн нам үүсч хөгжих явцад Монголын нацист нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Шашинтны ардчилсан нам зэрэг хэт үндсэрхэг үзлийн хандлагатай намууд гарч ирсэн; мөн олон улсын чанартай “Дэлхийн монголчуудын холбоо” зэрэг төрийн бус байгууллага гарч ирсэн; Монгол Улсад хэт үндсэрхэг үзэлтнүүдэд сурталчилгаагаа явуулах тавцан болсон “Хөх толбо”, “Ил товчоо” зэрэг сонин, сэтгүүл хэвлэгдсэн.
Сүүлийн жилүүдэд Монголын улс төрийн нам, төрийн бус байгууллагын төлөвшилтийн явцад улс төрийн зарим нам, байгууллага үгүй болж, зарим нь бусад намтай нэгдэж, өмнө нь байсан хэт үндсэрхэг үзлийн үзэл санаа алдагдаж байна. Зардал, мөнгөний гачаал зэргээс шалтгаалан зарим сонин, сэтгүүл гарахаа больсон.
Гэсэн хэдий ч зарим нь өнөө хүртэл үргэлжлэн гарсаар, хэт үндсэрхэг үзлийг сурталчилсан материал тогтмол нийтэлж, үндэстний талаарх Хятадын бодлогыг дайрч давшилсаар байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг өндөр хурдтай хөгжиж, Монгол Улсад үзүүлэх нөлөө нь улам нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн ашиг сонирхлын өрсөлдөөн үзэгдэх болсон билээ. Үүний сацуу Хятадын ноёрхлын түүхийн “сүүдэр” арилаагүй, АНУ, Япон зэрэг Өрнөдийн улсуудын дэмжлэг болон “Хятадын аюул заналын тухай онол” зэрэг шалтгаанаас үүдэн Монгол Улсын хэт үндсэрхэг үзлийн үзүүр ихэвчлэн Хятад руу чиглэж байна. 2005.11.26-ны өдөр Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд “Даяар Монгол хөдөлгөөн”-ий зарим гишүүний дайралтад өртөж, эд хөрөнгийн хохирол амссан. Үүнийг бид анхаарахгүй байхын аргагүй.
Шилжилтийн үед Монгол Улсын төрийн давхаргад үндсэрхэг үзэл үүсэн хөгжсөн нь дараах хоёр гол шалтгаантай. Үүнд нэгдүгээрт, “Хүйтэн дайн” дууссан нь Зөвлөлтийн социалист системийн гавд байсан Монгол Улсад олон улсын дүр төрхөө шинээр тогтоох, түүхээ өөрөө дүгнэх боломж олгож, олон улсын шинэ нөхцөл байдалд үр ашигтай байр суурь эзлэх хүсэл эрмэлзэл төрүүлсэн.
Энэ үйл явц төрийн давхаргад буюу албан ёсны хүрээнд “үндсэрхэг үзэл” бий болоход түлхэц өгсөн. Хоёрдугаарт, даяаршлын хүчтэй дайралтын нөхцөлд Хятад, Орос гэх хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол нь геополитик, эдийн засаг, соёлын хувьд ашиггүй, тохиромжгүй байдалд орж, улс орны эрх ашиг (орших, эс орших, цэцэглэн хөгжих, эсвэл унаж доройтох) дахь үзэл бодлын тогтолцоо болон нийгмийн байдал нь үндсэрхэг үзлийг тус улсын бүрэн эрх, тусгаар тогтнолын талаарх эмзэглэл ба улс орны аюулгүй байдлын стратегийн талаарх чухалчлах үзлийн улам тод илэрхийлэл болж байна.
Эдгээр нь дараах байдлаас тодорхой харагдаж байна. Үүнд юуны өмнө үндэснийхээ соёлыг сэргээх, түүнийг сурталчлахад анхаарчээ.
Хууль тогтоомжийг чангатгаж, хуулийн дагуу үндэсний соёлын аюулгүй байдлыг баталгаажуулсан.
1996 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын соёлын бодлого”-доо “Монгол Улсын соёл бол тус улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа, Монголын ард түмний үндэсний бахархал, үндэсний эв нэгдлийн үндэс, хөгжлийг ахиулах тулгуур цэг мөн” гэж заасан.
Иймэрхүү үзэл санааны жолоодлогын дор Монгол Улс үндэсний уламжлалт соёлыг хамгаалан хөгжүүлэх чиглэлээр олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүнд:
1992 онд шинэ Үндсэн хууль батлан гаргасны дараа УИХ-аас 1993 онд “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”, 1994 онд “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал” зэрэг баримт бичиг, 1996 онд “Монгол Улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлал”, “Монгол Улсын соёлын бодлого”, “Монгол Улсын экологийн бодлого” зэрэг олон баримт бичиг батлан гаргасан. Ийнхүү улс орны соёлын аюулгүй байдал хуулийн хамгаалалттай болсон.
Түүх, соёлын өвийн талаарх судалгааг чухалчилж, улсын түүхээ шинэчлэн засварлав. Монгол Улс байгуулагдсаныхаа дараах анхны жилүүдээс өөрийн орны түүх, археологийн судалгаанд ихээхэн анхаарч ирсэн бөгөөд Монгол Улсын ШУА-ийн дэргэдэх Түүх, археологийн хүрээлэн нь анхны хүрээлэнгүүдийн нэг юм. 1946-1954 онд Монгол, Зөвлөлтийн судлаачид хамтран “БНМАУ-ын түүх” хэмээх анхны номыг бичиж гаргасан. 1965 онд Монголын эрдэмтэд уг номд үндэслэн “БНМАУ- ын түүх” хэмээх гурван боть ном гаргасан.
Тухайн үеийн үзэл суртлын нөлөө болон хязгаарлагдмал нөхцөл байдлын онцлогоос шалтгаалан дээрх хоёр удаагийн “БНМАУ-ын түүх” нь тэр үеийн Зөвлөлтийн албан ёсны үзэл суртлын номлолын дагуу бичигдсэн учир Монгол гүрэн болон Чингис хаан, түүний эхлүүлсэн аян дайн зэрэгт бүгдэд нь сөрөг дүгнэлт гаргасан. Шилжилтийн үед орсноор Монгол Улс өөрийн түүх болон түүхийг үзэх үзлээ дэлхий дахинд улам тод танилцуулж, Монгол Улсын өнө эртний түүх, гялалзсан соёлыг харуулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улсын түүх”-ийг шинээр бичих зарлиг гаргасан.
2003 оны арванхоёрдугаар сард таван боть бүхий “Монгол Улсын түүх” хэвлэгдэн гарсан. Өмнө нь хэвлэгдэж байсан түүхийн номуудаас ялгаатай нь энэ номыг Монгол Улсын эрдэмтэд бие даан дангаар бичжээ. Энэ ном олон шинэ агуулгатай. Нэгдүгээрт, археологийн судалгааны дүнг ашиглан Монголын газар нутагт хүн амьдарч байсан түүхийг 450 мянган жилээр урагшлуулж, 750 мянган жилийн өмнө Монголын нутаг дэвсгэрт хүн аж төрж байсан төдийгүй дэлхийд мал аж ахуй анхлан үүсч хөгжсөн гурван газрын нэг гэж үзсэн.
Хоёрдугаарт, “Чингис хааны Монголын хийгээд дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бүхэлд нь шинэчилж, үндсээр нь өөрчлөн”, урьдынхтай адилгүй байр сууриас дүгнэн, Чингисийг “даяаршлын эхлэлийг тавигч, Монгол Улсыг эмхлэн байгуулагч, аугаа суут удирдагч, монгол үндэстний ялагдашгүй баатар, аугаа их хүн” гэх зэрэг үзэл санааг гаргаж ирсэн.
Шинэ түүх нь “монгол хүний өвөг дээдэс эрт дээр үеэс өөрийн гэсэн газар нутагтай, 2000 жилийн өмнө өөрийн улсаа байгуулсан”, Монгол Улсыг Хүннү болон Их Монгол гүрний залгамж, Чингис хааныг Монгол Улсыг үндэслэн байгуулагч, 1911, 1921 оны хөдөлгөөнийг “үндэсний хувьсгал”, “үндэсний ардчилсан хувьсгал” байсан.
Манж нар бол түрэмгийлэгчид, Цин улсын хаан бол колоничлон ноёлогч гэсэн үзэл санааг гаргаж тавьсан. Монгол Улс ийнхүү хүч, хөрөнгө үл хайрлан түүхээ засварлаж, түүхийн бодит байдлаас хүчтэй нүүр буруулан, Хятадтай хэлхээ холбоо бүхий түүхээ үгүйсгэж байна. Үүний зорилго нь соёлын аюулгүй байдлаа чангатгаж, соёл, түүхийн талаар хөрш орнуудаасаа ялгарах тод “зааг” тогтоох явдал юм.
Уламжлалт бичиг үсгээ сэргээв. Монголчууд нь түүхэндээ янз бүрийн, түүний дотор уйгур, уйгуржин монгол, дөрвөлжин, тод зэрэг бичиг үсэг хэрэглэж иржээ. XX зууны 1930-аад он хүртэл монгол үндэстнүүд дагнан уйгуржин монгол бичиг, баруун монголчууд тод бичиг хэрэглэж байсан. 1920-1930-аад оны үед хуучин ЗСБНХУ-ын Буриадын автономит Бүгд найрамдах улс болон Халимагийн Автономит бүгд найрамдах улс уламжлалт бичиг үсгээ сольж кирил үсгэн дээр тулгуурласан шинэ бичиг хэрэглэх болжээ.
1940-өөд оны үед БНМАУ (өнөөгийн Монгол Улс) мөн уламжлалт бичгээ сольж, 1946.01.01-нээс эхлэн улс даяараа кирил үсэг хэрэглэх болсон байна. 1990 онд Монгол Улсад өөрчлөлт гарсны дараа 1991 оны тавдугаар сард Монгол Улсын Бага хурал (парламентын байнгын хороо)-ын 36 дугаар тогтоол гарч, 1994 оноос эхлэн улс даяар монгол бичгийг сэргээн хэрэглэхээр болсон. Гэвч зардал хөрөнгө зэрэг шалтгаанаас болж уг шийдвэр хэрэгжээгүй юм.
1995 онд УИХ, Засгийн газраас өргөн барьсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг баталж, уламжлалт бичгээ сэргээж чадаагүй шалтгааныг дүгнэн 10 жилийн хугацаатай монгол бичгийг сэргээн хэрэглэх хөтөлбөрийг баталсан. 2005 онд энэ хөтөлбөрийн хугацаа дууссан ч улс даяар монгол бичгийг сэргээн хэрэглэх зорилт хэрэгжээгүйгээр үл барам уламжлалт бичиг үсэг нь Монголын соёлын бэлгэ тэмдэг төдий ач холбогдолтой зүйл болсон байна. Одоогоор зөвхөн төр, засаг болон яам, албан байгууллагуудын тамга, тэмдэгт уламжлалт монгол бичгийг хэрэглэж байна.
Гадаадын төр, засгийн тэргүүн нарыг хүлээн авдаг Монгол Улсын төрийн ордны хүндэтгэлийн танхимд мөн Чингис хааны сургаал үгийг монгол бичгээр бичиж байрлуулсан байдаг.
Уламжлалт зан заншлаа сэргээн, уламжлалт соёлын талаарх судалгааг эрчимжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004.05.02-ны өдрийн зарлигийн дагуу Монгол Улс анх удаа төрийн хэмжээнд монгол бичиг хэрэглэсний 800 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж буйн зорилго нь Монгол Улсын соёлын түүхийг дэлхийд таниулах, ард иргэдийн үндэсний ухамсар, бахархлыг сэргээх, уламжлалт монгол бичгийг сэргээх үйл ажиллагаанд түлхэц өгөхөд оршино. 2004 онд Монгол Улсын Засгийн газар 2001 оноос хойших Ерөнхийлөгчийн зарлигийг уламжлалт монгол бичгээр нэг хувь хөтлөн үүрд хадгалж, хойч үедээ соёлын өв болгон үлдээх шийдвэр гаргажээ.
Уламжлалт зан заншлаа сэргээн, уламжлалт соёлын талаарх судалгааг эрчимжүүлж байна. Монгол ардын хувьсгал ялснаас хойш 1990 он хүртэлх 70 гаруй жилийн хугацаанд Монголын зарим уламжлалт баяр ёслол болон зан үйл орхигдож, зарим нь бүр мартагдаж үгүй болсон байна. 1990-ээд оноос эхлэн Монгол Улс уламжлалт соёл, зан заншлын судалгааг эрчимжүүлж соёл, зан заншлаа сэргээх талаар багагүй ажил хийлээ.
Үүнд: Монгол тооллоор шинэ жилийг тэмдэглэх. Төр, засгийн удирдлагууд монгол тооллын шинэ жил, ардын хувьсгалын ялалтын ой зэрэг томоохон баяр ёслолоор үндэсний хувцсаа өмсөх, цагаан сараар золгож мэндчилэхдээ заншил ёсоор хөөргөөр тамхилах, төр, засгийн тэргүүн нар тамгаа шилжүүлэхдээ хадган дээр тавьж өргөн, мөнгөн аягатай сүү барих.
Монгол Улсын Ерөнхийлөгч уулын тахилгын ёслолд биечлэн оролцох, цэрэг армид хар сүлдийг тахих, төр, засаг төрийн цагаан сүлдийг тахих зэрэг уламжлалт ёс заншлыг сэргээн, цэргийн ангиудад ёс заншлын танхим байгуулж, ламаар ном уншуулахыг зөвшөөрсөн. Ард түмний уламжлалт зан заншил аажмаар сэргэн төрөөс үндэсний уламжлалт соёлын өвд ихээхэн анхаарч морин хуур болон уртын дууг “хүн төрөлхтний соёлын өв”-д бүртгүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, хөрөнгө мөнгө гарган ахмад урчуудын урлал бүтээлийг уламжлуулан авч, соёлын өвийг авран хамгаалж байна.
Бурхны шашныг дэмжин, уг шашнаар гол болгосон шашны бодлогыг хэрэгжүүлж байна. Монгол Улсад шилжилтийн үед уламжлалт шашин түргэн сэргэж байгаагаас гадна бусад олон шашны шинэ урсгал ч нэвтрэн орж ирж байна. XVI зуунаас эхлэн Түвдээс нэвтэрсэн бурхны шашин Монголын түүхэнд чухал байр суурь эзэлсээр ирсэн билээ. Олон шашин зэрэг оршин тогтнох хандлагатай тулгаран Монгол Улс 1993 онд “Төр, шашны харилцааны тухай хууль” баталжээ.
Энэ хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 3 дугаар хэсэгт: “Монгол Улсын төр ард түмнийхээ амьдрал, соёлын уламжлалыг хамгаалах үүднээс бурхны шашны Монгол Улс дахь зонхилох байр суурийг хүндэтгэнэ. Энэ нь иргэдийг бусад шашин шүтэхэд саад болохгүй юм” гэж заажээ. Бурхны шашны голлох байр суурийг хадгалахын тулд засгаас хөрөнгө гарган Гандан хийдэд Жанрайсэг бурхныг бүтээн босгож төр, засгийн тэргүүн нар монгол тооллын шинэ жил бүр Гандан хийдэд ирж Жанрайсэг бурханд мөргөх болсон.
1990 оноос хойш дөрвөн удаа XIV Далай ламыг Монгол Улсад айлчлахыг зөвшөөрөн, Монгол Улсыг бурхны шашинт улс хэмээн онцлон сурталчилж, Далай ламын цагаачилсан Энэтхэг болон бусад орноос лам хувраг урьж ирүүлэхийг дэмжин, гадаад оронд бурхны шашны сүм хийд барьсан. Мөн Төвдийн бурхны шашны олон урсгал болон бусад улсын бурхны шашинтууд, олон улсын энх тайвны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. 2003 оны есдүгээр сард бурхны шашны телевизийн суваг нээсэн.
Чингис хааны судалгаа, сурталчилгааг эрчимжүүлж байна. Чингис хаан нь нэрт түүхэн хүн бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мянганы аугаа хүн юм. Тэрбээр Монголын тал нутгийг нэгтгээд зогсохгүй монгол үндэстнийг бий болгон Евразийн олон улс, үндэстэнд асар их нөлөө үзүүлсэн хүн. Мөн Өрнө-Дорнын соёлын солилцоо, төрийн өөрчлөлт, дэлхийн түүхийн хөгжилд өмнө байгаагүй үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улс Чингис хааны энэхүү даян дэлхийд танигдсан “алтан гэрэгэ”-ний үнэ цэнийг ойлгож, бүх талаар ашиглан сурталчилж байна.
Чингис хаан бол монгол үндэстний баатар, Монгол Улс бол Чингис хааны байгуулсан Их Монгол Улсыг залгамжлагч гэж нотлох санаатай археологийн судалгааны болон сурталчилгааны ажлыг эрчимжүүлж байна. Хятадын судлаачдын “Чингис хаан бол хятад үндэстний өвөг дээдэс”, “Чингис хаан нь монгол үндэстний төдийгүй бас хятад үндэстний баатар” гэсэн үзэл, үнэлэлтийг монголчууд огт ойшоохгүй байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс археологийн судалгааны ажилд онцгой анхаарч байна.
1990 оноос Япон, АНУ, БНСУ, Турк, ОХУ зэрэг улстай археологийн талаар хамтран ажиллаж, гол нь Чингисийн онгоныг олох ажлыг эхлүүлсэн. Ингэснээр Чингис нь Монголд төрсөн төдийгүй, Монголд онгологдсон Монголын хаан гэж нотлох зорилготой байна. 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хамтран Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх тухай зарлигт гарын үсэг зурсан.
Энэхүү зарлигийн дагуу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил 2006 онд нэлээд олон арга хэмжээ зохиох юм. Үүнтэй холбогдуулан 2004 онд Ерөнхий сайдаар ахлуулсан зохион байгуулах хороо байгуулагдсан. 2005 оны арванхоёрдугаар сард мөн Ерөнхий сайдын удирдлагаар гадаад, дотоодод салбартай, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн 2006 оны дурсгалын арга хэмжээнд зориулахаар цуглуулсан хандивын хөрөнгөөр “Их Монгол Улс 800 сан” байгуулагдаад байна. Үүний зорилго нь Хятадтай соёлын холбоотойгоо үгүйсгэн таслахад л оршиж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!