Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын сураг улам бүдгэрлээ.
Засгийн газар хуулийн төсөл боловсруулж, үүнийг нь УИХ баталснаар та бид нийт худалдан авалтынхаа хоёр хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авах учиртай. Ерөнхий сайд буцаан олголтыг сонгуулиас өмнө олгохоор шуурхайлсан ч эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас хойшлов. Тэгэхээр энэ ажил багагүй шат дамжлага туулах шинжтэй.
Энэхүү боломжийг угтаа татварын хоёр дахь шатны шинэчлэл олгосон. Гэтэл шинэчлэл замын голдоо зогссон нь энэ. Саарах ч учиргүй байсан энэ удаагийн шинэчлэл бүхэлдээ гацах магадлал ийнхүү үүсээд байна. Ингэснээр бизнесийн орчныг шинэтгэх зорилт татварын гол хуулиудтайгаа хамт бүдгэрэх эрсдэлтэй гэсэн үг. Энэ утгаар нь зогсож л, зогсоож л болохгүй.
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хумих, одоо хүчин төгөлдөр байгааг нь бууруулахад шинэчлэл чиглэх нь оновчтойг зарим судлаач хэлж байна.
Гэвч эдийн засгаа шилэн болгох шинэчлэл анхны зорилтоосоо аажмаар ухарч байгаа шалтгаан нь юу вэ? Чөлөөт эдийн засгийн хөрсөн дээр зурагласан шинэ бодлого ийн “царцав уу”.
Хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал, буцаан олголтыг амласан шинэчлэл удааширч эхэллээ. Улсын хэмжээнд 40-өөд төрлийн хөнгөлөлт, 180 гаруй төрлийн чөлөөлөлт үйлчилж буй. Нийт хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ нь нэг их наяд төгрөгт хүрээд байгаа. Энэ нь татварын нийт орлогын 30 хувьтай тэнцэж байгааг Сангийн яамнаас мэдээлсэн юм.
Уг нь, татварын нэгдсэн бодлогоо “хөөлөх” ажил энэ өдрүүдэд илүү идэвхтэй үргэлжлэх атал эрчээ улам алдсаар. Далдыг ил, ил байгаагаа бүртгэлжүүлэх “ажиллагаа” саармагжиж байна. УИХ-ын хаврын чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх байсан. Угаас хаврын чуулганаас өөр хугацаа энэ УИХ-д үлдээгүй. Энэ хугацаанд л амжиж шинэчлэлд цэг хатгах боломжтой юм. Шинэчлэл “гурван цэг”-тэй үлдвэл хүлээлт үүсгээд байсан үр дүн шуудхан харагдах, эсэх нь юу л бол.
Татварын дөрвөн гол хуулийн гурав нь дээрх өгүүлбэрт багтсан байгааг анзаарсан байх. Гэвч шинэчлэл ордны гадна үлдсэн гэлтэй ор тас мартагдлаа. Мартагдах болсон буруутнаар улс төрийн сонгууль тодорч байх шиг.
МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн Б.Лхагважав “Засгийн газар санаачилсан шинэчлэлээ зөнд нь орхиж болохгүй” гэж мэдэгдсэн. Түүнтэй олон хүн санал нэгдэж буй. Бизнес эрхлэгчдийн дуу хоолой нь болж ирсэн МҮХАҮТ татварын шинэчлэлийг уухайлан дэмжигчдийн нэг. Анх л хоёр дахь шатны татварын шинэчлэлийн талаар ярьж байхад тус байгууллага өөрсдийн санал, хүсэлт, бас шүүмжлэлээ хэлцгээсэн.
Шинэчлэлийг дэмжигч “панат”-ууд өнгөрсөн хугацаанд олширсон нь үнэн. Гэвч шинэчлэл дорвитой ахиж чадаагүйг Улаанбаатар хотын худалдааны танхим, “CEO” клубын удирдлагууд хэлж байв. Бизнес эрхлэгчдийн хувьд өнөөдөр үйлчилж байгаа татварын тогтолцоо дарамт, шахалт болдог гэж үздэг. Монгол Улсын төсвийн орлогын 80 орчим хувийг татварын орлого бүрдүүлж байгаа. Үүний бараг л гуравны нэгийг Нэмэгдсэн өртгийн албан татвар бүрдүүлж ирсэн. НӨАТ-ын тухай хууль энэ оноос хэрэгжиж эхлээд зургаан cap өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 750 орчим мянган иргэн өрхийн зардлаа бүртгүүлж, НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголт, сугалааны урамшуулалд хамрагджээ.
Худалдан авалтаа бүртгүүлж, улмаар сугалаанд оролцдог болсоор иргэд НӨАТ-ын падаанаа цуглуулах хэвшилд хэдийнэ дадсан харагдана. 12 дахь удаагийн сугалааны тохирол энэ сарын 19-нд болох төлөвлөгөө бий. Сугалааны хонжворын сан 675.9 сая төгрөгт хүрсэн. Одоогоор 37 мянган баримт хэвлэх цэгт бүртгэгджээ. Энэ сарын 10-ны байдлаар нийт 1121.1 мянган иргэн азтан болсныг Татварын газрын НӨАТ-ын урамшууллын систем төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга ярив.
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд улирал тутам олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Уг шийдвэртэй холбогдуулж НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын тогтоолд нэмэлт оруулахаар тогтоод буй. Тэгэхээр эрх зүйн орчин бүрдэх тэр үед л НӨАТ-ын буцаан олголт хийгдэж эхэлнэ гэсэн үг. НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтоор урьдчилсан байдлаар 5.8 тэрбум төгрөгийг иргэн, аж ахуйн нэгж авах тооцоотой байна.
Татварын хоёр дахь шатны шинэчлэл төлсөн татвараасаа тодорхой хэмжээгээр урамшуулал, сугалааны хэлбэрээр буцаан авах боломжийг олгосон. Төсвийн орлого 850 гаруй тэрбум төгрөгөөр тасарч яваа. Энэ үед хураасан татварын тодорхой хувиар сугалаа зохион байгуулж байгааг зарим эдийн засагч эрс шүүмжлэх болсон. Ямартай ч НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжсэн хугацаанд НӨАТ-аас төсөвт төвлөрөх орлогын хэмжээ 2.2 дахин өссөн аж.
Цаасан падаанаас цахимд шилжсэнээр аж ахуйн нэгжүүдийн хооронд хийгдэж буй худалдааны үйл явцыг татварын системд тайлагнахад илүү хялбар болсныг Татварын ерөнхий газраас мэдээлж байна. Мөн татварын хяналт, шалгалтын дарамт багасах боломж аж ахуйн нэгжүүдийн хувьд бүрдээд байгаа. Жилд улсын төсвөөс цаасан падаанд 300 орчим сая төгрөг төсөвлөдөг байсан нь хүртэл хэмнэгджээ. Бүс нутагтаа дунд зэргийн татварын хувь хэмжээтэй орны тоонд манай улс тооцогдож байна. НӨАТ-ын хуулийг эс тооцвол шинэчлэл төсөл хэвээр үлдэж байгаа юм. СЭЗДС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш, судлаач Ч.Өнөржаргал “Засгийн газрын хувьд эхлүүлсэн шинэчлэлээ эрчимжүүлж, бизнесийн орчныг сайжруулахад хэрэгтэй” хэмээн ярьсан юм.
Татварын шинэчлэлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажигласан, харзнаж хүлээсэн хэвээр байна. Тэд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас гадна Монголд өрнөж байгаа татварын шинэчлэлд ихээхэн ач холбогдол өгч байгааг Монголын бизнесийн зөвлөлийн тайланд дурджээ. Татварын тогтолцоогоо дөрвөн хөлтэй ширээтэй зүйрлэж болохоор. Манай улсын татварын тогтолцоог дээр дурдсан болон НӨАТ үндсэндээ бүрдүүлж байгаа. Энэ дөрвөн хуулийн аль нэг нь гажуудах юм бол “ширээ” догонцоно. Улмаар ширээн дээр байгаа бүхэн унах, хагарах эрсдэлд бий.
Тэгэхээр шинэчлэлээ хагас бус бүтэн өрнүүлэх шаардлагатай болж байна. Орлогогүй төсөв зарлагагүй, бас алдагдал авчирдаг. Үүнтэй адил шинэчлэл зогссон нь урьдын гажуудал хэвээр үргэлжлэх вий гэсэн болгоомжлол байна. Энэ нь эдийн засгийн хүндрэлд таатай нөлөө үзүүлэхгүй. Тогтвортой, хүнд суртал багатай, бүрхэг бус ойлгомжтой татварын орчин бизнес эрхлэгчдийн хувьд “диваажин” гэсэн үг. Манай улс татварын орчин нөхцөлөө “диваажин” болгохоор шинэчлэл эхлүүлсэн. Уг нь татварын шинэчлэлээр 17 хуулийн төслийг Засгийн газар боловсруулсан. Гэхдээ одоогоор хэдхэн нь хэрэгжиж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!