Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр / EPA/-г энэ оны зургаадугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Уг хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаалийн хяналт бүрдүүлэлт, түүнчлэн импортын барааний “гаалийн тариф”-д дараах өөрчлөлтүүд орох юм байна.
Тухайлбал, хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн өдрөөс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “4.2. Импортын барааны гаалийн тарифыг ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф гэж ангилах бөгөөд ердийн тариф нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байна. Хөнгөлөлттэй тарифыг олон улсын гэрээгээр тогтооно.” гэсэн заалт болон Монгол Улсын Засгийн газрын энэ оны 101 дүгээр тогтоолоор баталсан “Импортын барааны гарал үүслийн дүрэм”-ийг хэрэгжүүлэх нь.
Өнөөдрийн байдлаар иргэд болон аж ахуйн нэгжүүдийн дунд Япон улсаас импортоор орж ирж буй бүх бараа “татваргүй” болох мэтээр ойлгож байгаа тухай албаны эх сурвалж хэлж байна. Энэ нь бүх төрлийн татварын асуудал огт биш, зөвхөн “гаалийн тариф”-ийн талаар ярьж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Гаалийн байгууллага төвлөрүүлдэг “Нэмэгдсэн өртгийн албан татвар”, “Авто бензин, дизель түлшний албан татвар”, “Онцгой албан татвар” зэрэг бусад төрлийн татварын хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй юм байна. Мөн зарим барааны гаалийн тариф дээр дурдсанчлан шууд “тэглэнэ”, зарим барааны гаалийн тариф тодорхой хугацаанд үе шаттайгаар буурах нь.
Хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Монгол улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасан импортын барааны “ердийн”, “нэн тааламжтай”, “хөнгөлөлттэй” гэсэн гурван төрлийн тарифыг гаалийн хууль тогтоомжийн дагуу барааны гарал үүслээр ялгавартай ногдуулж эхлэх аж.
Хөнгөлөлттэй тарифыг Монгол Японы эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх бөгөөд Япон улсаас гарал үүсэлтэй, тус улсын “гарал үүслийн гэрчилгээтэй” барааны гаалийн тарифыг “тэглэх” буюу 3, 10 жил гэх мэт тодорхой хугацаанд тогтмол бууруулж “тэг” болгоно гэв. Гэхдээ энэ хэлэлцээрт зааснаар бүх төрлийн барааны тарифыг тэглэхгүй. Заримыг нь хуучин хэвээр хадгалах заалт ч бий гэнэ.
Онцлоход, гаалийн “нэн тааламжтай” тариф буюу одоо хэрэглэж буй гаалийн тарифыг Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 87 дугаар тогтоолд зааснаар “Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд болон Беларус улсаас импортолж буй бараа”-нд хэрэглэдэг. Ингэхдээ тухайн улсуудаас гарал үүсэлтэй бараа гэдгээ мөн л “Гарал үүслийн гэрчилгээ”-ээр нотлох юм байна. Харин бусад улсаас, өөрөөр хэлбэл Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн бус улс орнуудаас импортолж буй бараанд гаалийн “ердийн тариф”ыг хэрэглэнэ. Азербайджан, Таджикстан, Туркменистан, Узбекистан, , БНАСАУ, Ватикан, Иран, Ирак, Серби гэх зэрэг улсууд Дэлхийн худалдааны байгууллагад одоогоор гишүүнээр элсээгүй юм байна.
Энэ талаар ГТЕГ-ын Гаалийн тариф, татварын газрын дарга Ё.Бат-Эрдэнийн хэлэхдээ “Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс орнуудаас импортолж байгаа боловч “гарал үүслийн гэрчилгээ”-гүй бараанд гаалийн ердийн тарифыг хэрэглэнэ. Ердийн тариф нь хуульд зааснаар “нэн тааламжтай тариф”-аас хоёр дахин их байх юм.
Үүнийг гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд маш сайн анхаарч, гаалийн бүрдүүлэлт хийхдээ “гарал үүслийн гэрчилгээ”-г гаальд бүрдүүлж өгдөг бичиг баримтдаа хавсаргасан байх, худалдаа эрхлэхдээ бүх гэрээг хууль ёсны дагуу хийх шаардлагатай болж байна. Барааны “гарал үүслийн гэрчилгээ”-г авч байж гаалийн “хөнгөлөлттэй”, “нэн тааламжтай тариф”-ыг хэрэглэнэ гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарах хэрэгтэй.
Японы тал хэлэлцээрийн явцад тариф,гарал үүслийн тал дээр их анхаарал хандуулсан. Өөрөөр хэлбэл барааны гарал үүсэл гэдэг нь тухайн барааг Монголын эсвэл Японы бараа бүтээгдэхүүн мөн гэдгийг нотлох тухай ойлголт юм. Үүнийг нь гаалийн байгууллага “гарал үүслийн гэрчилгээ” гэдэг бичиг баримтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийнэ. Ялангуяа тухайн барааны гарал үүслийг 2 тал маш нарийн заалт, загварууд, тусгай дүрмүүдээр тохирсон байгаа” гэдгийг сануулж байна.
Түүнчлэн АНУ болон бусад орнуудаас оруулж ирж буй Япон машинд гаалийн хөнгөлөлттэй тариф хамаарахгүй юм байна.
Гаалийн нэг төрлийн тариф /нэн тааламжтай тариф/-ыг мөрддөг байсан бол, хэлэлцээр хэрэгжиж эхлэх өдрөөс 3 төрлийн гаалийн тарифыг мөрдөж эхлэх гэж байна.
Жич: Гаалийн албан татвараас бусад татварууд болох “онцгой албан татвар”, “автобензин, дизель түлшний албан татвар”, “нэмэгдсэн өртгийн албан татвар”-уудад өөрчлөлт ороогүй болно.
Б.Пүрэвжав
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|