Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Богд Хааны Ордон Музей Олон Улсын Музейн өдрийг тэмдэглэнэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Олон улсын музейн өдөр буюу 5-р сарын 18 нь дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг өдрүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт олон орны музейнүүд өөрсдийн дуу хоолойг нэгтгэн Олон улсын музейн зөвлөлөөс зарласан нэгэн сэдвийн дор үйл ажиллагаа явуулж олон нийтэд мэдлэг мэдээлэл өгөх үүрэг чиглэлээ биелүүлэн ажилладаг. 2016 оны олон улсын музейн өдөр “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвээр зохион байгуулагдах юм.

Мөн энэ сэдвээр Олон улсын музейн зөвлөлийн (ОУМЗ) Ерөнхий хуралдаан Итали улсын Милан хотноо 7 дугаар сарын  3-6-ны өдөр болох бөгөөд музейн олон улсын бусад байгууллага ч мөн хэлэлцүүлэг өрнүүлж байна. 

2016 онд Богд Хааны Ордон Музей Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “ХААНЫ ОРДОН-ТҮҮХ,СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР” сэдвээр үзэсгэлэн, лекц, хэлэлцүүлгийг зохион байгуулах юм. 

Олон улсын музейн зөвлөл 1977 онд анх Олон улсын музейн өдрийг нийгмийн хөгжилд музейн гүйцэтгэх үүргийг олон нийтэд таниулах явдлыг нэмэгдүүлэх зорилгоор бий болгосон цагаасаа хойш их амжилт олж байна. 2015 онд олон улсын музейн өдрөөр 145 орны 35 000 музей үйл ажиллагаа явуулж, дээд амжилт тогтоосон байдаг. 

 

 

Богд Хааны Ордон Музейн цогцолбор нь Монгол улсын түүхийн онцгой дурсгалт газар бөгөөд Богд хааны 4 ордон байснаас одоо цагт үлдээд байгаа ганц ордон юм. Эдүгээ музей болоод 90 жилийн хугацааг үдээд буй Богд Хааны Ордон Музей нь Шаравпэлжээлин сүм /Ногоон ордон/ хэмээгддэг байсан ордон нь юм.  Богд хаан Ногоон ордноос гадна Дэжингалбын сүм /Шар ордон/, Гунгаадэжидлин сүм /Цагаан ордон/,Хайлаас /Хайстай/ зуны ордон /Хүрэн ордон/ гэсэн орднуудтай байсан.    

Дээр дурдсан 3 ордон нь цаг үеийн ээдрээтэй байдал, он цагийн эрхээр устаж үгүй болсноор өнөө бидний цаг үетэй золгож чадаагүй байна. Богд Хааны Ордон Музей нь урлаг соёл, уламжлал, нийгэм цаг үе, түүхийн гэрч болсон өндөр ач холбогдол бүхий түүхэн дурсгалт газар, хааны ордон, уран барилгын дурсгал, урлагийн хосгүй бүтээлүүдийн өв сан юм. 

Богд Хааны Ордон Музейгээс Олон улсын музейн өдөрт зориулан гаргах “ХААНЫ ОРДОН-ТҮҮХ,СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР” сэдэвт энэ удаагийн үзэсгэлэнд хааны орднуудын олон сонирхолтой түүхэн гэрэл зургууд болон музейн сан хөмрөг дэх үзмэрүүдээс дэглэгдэх юм. Мөн сэдвийн дор судлаачид лекц уншин, хэлэлцүүлэг өрнүүлэх нь олон нийтэд сонирхолтой байхыг зохион байгуулагчид онцолж байна.