Хүн төрөлхтөн 5,000 жилийн тэртээгээс цай хэмээх ногоон ургамлыг хэрэглэж ирсэн бөгөөд Хятадын нэгэн судар бичигт “Цай нь сэтгэл санааг сэргээн, итгэл баяр авчирдаг өвөрмөгц ундаа юм” гэж тэмдэглэсэн байна.
Зарим төрлийн ургамлын навчийг ундааны зориулалтаар боловсруулсныг цай гэдэг бөгөөд цайны ургамлын ихэнх нь Хятад, Энэтхэг, Индонез, Япон, Пакистан, Гүрж зэрэг халуун оронд ургадаг. Тэдгээр ургамлыг хэрхэн боловсруулснаас шалтгаалж цайг хар, улаан, шар, ногоон гэж ангилдаг.
Цай бол хүйтэнд дулаацуулдаг, халуунд сэрүүцүүлдэг, ядрахад тэнхрүүлдэг хүний эрүүл мэндэд тустай 108 шинжийг агуулсан онцгой чанартай ундаа юм. Эрдэмтэд цайнаас хүний биед янз бүрийн нөлөөтэй 300-аад бодис нээн илрүүлжээ. Эдгээр бодисуудаас цайны хамгийн ач холбогдолтой идээлэгч бодис нь танин, катехин зэрэг юм.
Цайнаас хүний биед янз бүрийн нөлөөтэй 300-аад бодис нээн илрүүлжээ.
Ялангуяа ногоон цай танин ихтэй ба зарим цайны ургамалд 30 хувь хүртэл агууламжтай байдаг. Цайны катехин цусан суулгын болон бусад нянгийн эсрэг үйлчилгээтэй. Цайнд бага хэмжээгээр агуулагддаг кофеин нь сэргээх үйлчилгээтэй учир цайг дээр үеэс хүнийг цовоо сэргэлэн болгодог ундаа гэж үзэж ирсэн.
Цайнд байдаг бусад төрлийн алколоид бодис болох теофилин нь судас тэлэх, теобромин нь даралт бууруулах эмийн найрлаганд ордог. Мөн бага хэмжээний (0.006%) эфирийн тос байдаг ба энэ нь түүний сайхан ааг, амтыг бүрдүүлж өгдөг бөгөөд улаан цайнд илүү ихээр агуулагддаг.
Эрдэслэг, шимт бодис цайны 4-3 хувийг эзэлдэг. Түүнчлэн цай нь амин дэмээр баялаг бөгөөд эдгээр нь хүний цусны бүлэгнэлийг хэвийн байлгахад дэм болдог байна. Цайны түүхий эдийг боловсруулах явцад амин дэмийн зарим хэсэг нь алдагддаг ч ногоон, шар цайнд алдагддаггүй байна. Ногоон цай, хар цайнаас 10 дахин их С амин дэм агуулдаг байна.
Цайнд агуулагддаг эрдэс бодисын тусламжтайгаар хүн бие организмынхаа ус болон давсны балансыг тогтвортой барьж чаддаг бөгөөд спортоор хичээллэж, хүнд дасгал хийдэг хүмүүст үүнээс илүү ундаа байдаггүй.
Идээлэгч бодис (танин) нь бэлэн болсон цайны хандат бодисын хамгийн чухал үзүүлэлт болдог бөгөөд хэр зэрэг агуулагдаж байгаагаас цайны чанар ихээхэн шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл танин их агуулагдсан байвал цайны чанар дээд зэрэг болдог.
Флавоноид нь зүрхний инфактаас урьдчилан сэргийлж, цусан дахь холестролын хэмжээг бууруулж, улмаар цусны эргэлтийг сайжруулдаг. Иймээс өдөрт 2 аяга цай ууснаар инфаркт өвчнөөс 50 хувь сэргийлж болно гэж эмч нар зөвлөдөг байна. Мөн энэ бодис нь хөгшрөлтийг зогсоож, залуужуулах үйл ажиллагааг эрчимтэй дэмждэг.
Түүнчлэн кофейн нь төв мэдрэлийн системийн үйлчилгээг цочроож, сэргээх үйлчилгээтэй тул биеийн алжаал ядаргаааг сэргээхэд цай нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг эрдэмтэд судлан тогтоосон байна.
Цай эрүүл мэндэд тустай ч зөв хэрэглээг хэвшүүлэхгүй бол эсрэгээр эрсдэл учруулдаг байна.
Тухайлбал, Цайг унтахын өмнө ихээр хэрэглэх хэрэггүй бөгөөд учир нь цайнд агуулагддаг кофейн, танин зэрэг бодисууд нь төв мэдрэлийн тогтолцоог цочроон идэвхижүүлдэг тул бөх унтаж амрахад муугаар нөлөөлдөг.
65 болон түүнээс бага градустай бүлээн цай уувал 65-69 градусын халуун цай уусантай харьцуулахад улаан хоолойн хорт хавдар тусах магадлал хоёр дахин багасдаг болохыг эрдэмтэд судлан тогтоосон байна.
70 болон түүнээс дээш градустай хав халуун цай ууснаар энэхүү төрлийн хорт хавдар тусах магадлал найм дахин ихэсдэг ажээ.
Тиймээс Та үдээс өмнө 65-аас бага градустай цайг өдөрт 2-оос доошгүй аягыг ууж байвал эрүүл энх, баяр баясгалантай амьдрахад тань чухал ач холбогдолтой байх болно. Эрүүл биед саруул ухаан оршино.
Эх сурвалж: НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!