Уншиж байна ...
Зураг
Зураг

Японы шинэ ерөнхий сайд “сүнснээс айлгүй” албан ёсны өргөөнд нүүж орохоо мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 10 цаг 47 минут
iKon.MN
Зураг зураг

Япон улсын ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байгаа Шигэрү Ишиба сүнсний тухай янз бүрийн цуу ярианаас айлгүй тус улсын засгийн газрын тэргүүний албан ёсны өргөөнд нүүж орохоо өчигдөр мэдэгджээ.

Аравдугаар сард Фүмио Кишидаг залгамжилсан тэрбээр өргөөний засвар дууссаны дараа удахгүй нүүж орохоо амласан байна. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс нүүх хугацааг зарлаагүй юм.

Баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид энэ талаар асуухад Ишиба “Би тийм ч их айхгүй байна. Үнэндээ ямар нэг зүйл олж харах нь аймшигтай байж болох ч энэ нь бидний санаа зовох зүйл биш юм” гэж хариулжээ.

1929 онд баригдсан уг барилга анх ерөнхий сайдын ажлын өргөө байсан юм.

1932 онд энд бослого үймээн гарах үеэр тухайн үед ерөнхий сайд байсан Цүёши Инүкай алагдаж байжээ.

Хожим ерөнхий сайд асан Цүтомү Хатагийн гэргий энд амьдарч байхдаа сүнс хардаг байсан тухай 1996 оны дурсамждаа бичсэн байдаг.

“Шөнө дунд цэцэрлэгийн голд цэргийн офицерууд зогсож байхыг харсан тухай яриаг сонсож байсан” гэж тэр Асахи Шимбүн сонинд бас ярьж байжээ.

2000 онд их засварт орсны дараа уг барилга 2005 оноос эхлэн Японы ерөнхий сайдын албан ёсны оршин суух өргөө болсон юм.

2013 онд ерөнхий сайд агсан Шинзо Абэ энд нүүж оролгүй удахад сүнсний тухай яриа гарч, засгийн газар үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл гаргаж байжээ.

Эцэст нь Абэ энд амьдрахаас татгалзаж, түүний залгамжлагч Ёшихидэ Сүга ч бас татгалзсан юм.

2021 оны арванхоёрдугаар сард өмнөх ерөнхий сайд Фүмио Кишида энд нүүж ирсний дараа сэтгүүлчид түүнээс ямар нэг сүнс харсан эсэхийг асууж байжээ.

Тэгэхэд тэр юу ч олж хараагүй бөгөөд шөнө сайн унтаж амарч чадаж байгаагаа хэлсэн байдаг.

 

Эх сурвалж: Reuters