Уншиж байна ...
Зураг
Зураг

Азербайжаны тал ОХУ чиглэлийн нислэгүүдээ зогсоож, Кремль онгоцны ослын талаар тайлбар өгөхөөс татгалзлаа

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 10 цаг 09 минут
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Азербайжан Айрлайнз компанийн Embraer 190 загварын нисэх онгоц Каспийн тэнгисийн эргийн Казахстаны хот Актау орчимд осолдож, дотор нь явсан 67 хүний 38 нь амь үрэгдээд байгаа.

Хэдийгээр ослын дүгнэлт албан ёсоор гараагүй байгаа ч Баку хотоос Чеченийн Грозный хотын чиглэлд нисэж байсан уг онгоц тухайн үед Оросын агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн цохилтод өртсөн гэх таамаг түлхүү яригдаж байна.

Тухайлбал онгоц Оросын газар-агаар ангиллын пуужингийн цохилтод өртсөний улмаас осолдсон гэх урьдчилсан дүгнэлт гарсныг Азербайжаны хэвлэлүүд засгийн газрын эх сурвалжаасаа уламжлан мэдээлж байгаа.

Өчигдөр буюу Баасан гарагт Азербайжан Айрлайнз компани аюулгүй байдлын үүднээс ОХУ-ын хэд хэдэн хотын чиглэлд үйлддэг нислэгүүдээ зогсоож буйг зарлажээ.

Өмнө нь тус компани зөвхөн Чеченийн Грозный, Дагестаны Махачкала чиглэлийн нислэгүүдээ зогсоосныг зарлаж байсан юм.

зураг
 

Өчигдөр Азербайжаны хууль тогтоогч Расим Мусабеков уучлал гуйхыг Оросын талд уриалжээ.

“Тэд үүнийг хүлээн зөвшөөрч, буруутай хүмүүсийг шийтгэж, дахин ийм зүйл давтагдахгүй байхыг амлаж, уучлал гуйж, нөхөн төлбөр төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлэх ёстой. Бид ОХУ-аас үүнийг хүлээж байна” гэж тэр мэдэгдсэн байна.

Онгоц Грозныйн тэнгэрт гэмтэж, яаралтай буух хүсэлт гаргасан ч Оросын тал нислэгийн дүрэм журмын дагуу буулгах ажлыг зохион байгуулаагүйг Мусабеков ярьжээ.

Грозный болон түүний ойр орчмын аль нэг нисэх буудалд буух зөвшөөрөл өгөх ёстой байсан ч Каспийн тэнгисийн нөгөө эрэгт орших Актау хот руу нисгэсэн гэж тэр Оросын талыг буруутгаж байна.

Онгоцыг буудаж унагасан гэх дүгнэлтийн талаар сэтгүүлчид өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад “Мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Дүгнэлт гараагүй байгаа тохиолдолд бид энэ талаар ямар нэг тайлбар хийх эрхгүй гэж би үзэж байна” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: AFP