Хар тас хамтлагийн 33 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Хар Тас болон Америкийн залуусыг байлдан дагуулж байсан Snap” хамтлагуудын хамтарсан тоглолтын талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Snap хамтлагийн дуучин Turbo B "Монгол маш хүйтэн байгаа ч гэсэн дулаан сэтгэлээр хүлээн авч байгаа нь миний сэтгэлийг дулаацуулж маш өндөр сэтгэгдэлтэй байна. Маргаашийг тэсэн ядан хүлээж байна" гэв.
Хар тас хамтлагийн ахлагч Марка буюу И.Бадмаараг "1990-ээд оны тэр хүнд хэцүү цаг үед бидний үеийнхний чөлөөт цагаа өнгөрүүлэх зүйл бол бүжиг байсан. Тэр бүжгийг Snap-н дуу нь дээр л бүжиглэдэг байлаа. Бүх дуунууд нь Монголд хит болсон. Бид бүжгийн хамтлаг байж байгаад 1993 оноос Snap шиг болох ёстой юм байна гэж бодож хамгийн анхны "Бүрхэг тэнгэр" дуугаа гаргаж байв.
Тэр үед телевиз болон бусад сувгаар бидний дууг гаргадаггүй байсан. Тухайн үеийн нийгмийг цочроож бид үргэлж шинийг сэтгэж явсан. Маргаашаас "Хар тас" хамтлаг албан ёсоор тайзнаасаа бууж, өндөрлөж байгаа. Тайзнаас буух цаг нь болсон гэж бодож байна.
Энэ тоглолтод насаараа л бэлдэж ирсэн юм шиг байна. Бие маань хөшиж царцчихаагүй байна. Чадах чинээгээрээ үзэгчдээ хүндэлж гэнэтийн бэлэг барина" гэв.
Тоглолтод Монголын Old school бүх хамтлагууд ирнэ гэдгийг тоглолтыг зохион байгуулагчид онцлов. Тухайлбал зочин уран бүтээлчдээр Дайн ба энх, Ice top, Digital, 2 хүү Gavana, Mon Ta Rap, Эрх чөлөө, Mr.Doggs, Ариунаа, Дэлгэрмөрөн нар оролцох юм байна.
Харин Snap хамтлагийн Turbo B нь 11 дуу дуулж, 30 гаруй минутын үзүүлбэр үзүүлэх аж. Түүнчлэн Рэп тоглолт учир бүжгийн хамтлагууд оролцох юм байна.
Тоглолтын цахим тасалбарыг Shoppy.mn сайтаас авах боломжтой бол биет тасалбарыг GS 25-н бүх салбаруудаас болон ASA ARENA-н тасалбарын касс, тоглолт болох өдөр үүднээс авах боломжтой юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!