Уншиж байна ...
Зураг
Зураг

Ирэх нэгдүгээр сард баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 16 цаг 50 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. 

нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх хэдий ч хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч дунджаас 3–8°С хүйтэн байх төлөвтэй байгаа аж. 

Сарын дунджаар авч үзвэл нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, зүүн хагаст дунджийн орчим, хур тунадас баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байх юм байна. 

Баруун аймгуудын нутгаар. 

Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярах боловч шөнөдөө хүйтэн жиндүү байдал хэвээр хадгалагдана. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч нэлээд чангарч ОЖД-аас 3–6°С-аар хүйтэн байна. Бусад хугацаанд ОЖД–ын орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.

Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр цас орж, зарим газраар салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар.

Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булганы нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн жиндүү байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр агаарын температур өдөртөө уярах төлөвтэй байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа бөгөөд ихэнх нутгаар ОЖД-аас 3-6°С хүйтэн байна.

Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд цас орж, зарим газраар салхи ширүүсэж цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. 

Агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ын орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 2-5°С хүйтэн, бусад хугацаанд ОЖД-ын орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.

Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар.

Агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар ОЖД–ын орчим байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–ын орчим болон дунджаас бага зэрэг дулаан, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч ихэнх нутгаар ОЖД-аас 2-5°С хүйтэн байна.

Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр бага зэрэг цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.