Ханиад томуу болон менингококкын нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр менингококкт халдвартай холбоотой мэдээллийг ХӨСҮТ-ийн эмч Ч.Уртнасан хэллээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д батлагдсан нэг тохиолдол, сэжигтэй хоёр тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.
Хүүхдүүдийн биеийн байдал сайн, тогтвортой байгаа.
Сэжигтэй хоёр хүүхдийн шинжилгээний хариу гарах арай болоогүй.
Менингококкт халдвар богино хугацаанд хүндрэл, эндэгдэлд хүргэдэг. Ялангуяа томуугийн дэгдэлтийн үед өндөр халуурах шинж тэмдгийг андуурч, яаралтай эмнэлгийн тусламж авч чадалгүй эндэгдэлд хүрэх асуудал бий" гэж сэрэмжлүүллээ.
Менингококкт халдварын үед илрэх өвөрмөц шинж тэмдэг:
Хүүхэд 38-40 хэм хүртэл өндөр халуурна. Халууны эмд 20-30 минут буугаад эргээд маш өндөр халуурдаг зүй тогтолтой.
Халуурснаас хойш 6-8 цагийн дараа тууралт гарч эхэлдэг. Хэрэв 12-16 цаг өнгөрвөл бүтэн биеэр маш хурдтай тууралт гарч, хүндрэх, эндэх эрсдэлтэй.
Тууралт доод мөчдөөс эхлэн гардаг учир эцэг, эхчүүд төдийлөн анзаардаггүй. Улмаар ил харагдах хүзүү, гарын хэсгээр гарч эхлэхэд нь анзаарах хандлагатай байдаг.
Биеийн дээд хэсгээр мэдэгдэхүйц тууралт нэмэгдсэн бол ХҮНДРЭЛ-ийг илтгэнэ.
Эхлээд жижиг улаан тууралт гарч, цусархаг тууралт болж, улмаар үхэжсэн тууралт руу шилждэг.
Халуун буухгүй байх, биеэр тууралт гарах, маш хүчтэй толгой өвдөх, гэрэлд хэт мэдрэг болох, дуунд цочимтгой, царай нь цонхийж цайх, хүүхэд улам унтаа байдалд орвол эрүүл мэндийн байгууллагад нэн яаралтай хандахыг ХӨСҮТ-ээс зөвлөж байсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!