Энэ сарын эхээр босогчдод эрх мэдлээ алдсан Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассад гэр бүлийн хамт Москвад байгаа гэсэн мэдээлэл бий.
Түүний гэргий Асма аль Ассад цусны хорт хавдартай болсныг Сирийн ерөнхийлөгчийн ажлын алба энэ оны тавдугаар сард зарлаж байсан юм.
Тэгвэл өчигдөр зарим хэвлэлүүд түүний амьд үлдэх магадлал 50 хувьтай байгаа талаар ойрын эх сурвалжаас нь уламжлан мэдээлжээ.
Одоо Сирийн тэргүүн хатагтай асныг Москвад түүний аав, нэртэй зүрх судасны эмч Фаваз Ахрас асран сувилж байгааг эх сурвалж мэдээлсэн байна.
Асма өмнө нь бас хөхний хорт хавдраар өвчилж байсан бөгөөд 2019 онд бүрэн эдгэрснээ зарлаж байжээ.
Туркийн хэвлэл өнгөрсөн долоо хоногт Оросын хараа хяналтаас залхсан Асма нөхрөөсөө салж, төрөлх хот Лондон руугаа буцах хүсэлтэй байгаа тухай мэдээлж байв.
Дараа нь Кремлийн хэвлэлийн алба уг мэдээллийг няцаасан юм.
Асма аль Ассад 1975 онд Лондон хотод Сири гаралтай гэр бүлд төрсөн хүн бөгөөд Их Британийн давхар иргэний харьяалалтай.
Гэхдээ тэргүүн хатагтай асныг хүлээж авахгүй гэдгээ Их Британийн гадаад хэргийн сайд Дэвид Ламми мэдэгдээд байгаа.
“Сүүлийн хэдэн өдөр надад Асма аль Ассад манай улсад буцаж ирэх сонирхолтой байгаа тухай мэдээ сонсогдох боллоо. Гэхдээ тэр бол хориг арга хэмжээгээр шийтгүүлсэн хүн бөгөөд Их Британи улс хүлээж авахгүй гэдгийг би батлан хэлмээр байна” гэж Ассадын дэглэм унасны дараа сайд парламентын нийтийн танхимын гишүүдэд хэлж байв.
Дараа нь Их Британийн ерөнхий сайд Кир Стармер тэргүүн хатагтай асны иргэний харьяаллыг цуцлах эсэхийг хэлэхэд “хэтэрхий эрт байна” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: The Telegraph
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!