Уншиж байна ...
Зураг
Зураг

Балтийн тэнгисийн шугамыг тасалсан байж болзошгүй Оросын газрын тос тээвэрлэгч хөлгийг Финландын тал саатуулжээ

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 11 цаг 14 минут
iKon.MN
Зураг зураг

Финланд, Эстони улсуудын хооронд Балтийн тэнгисийн ёроолоор татсан цахилгаан болон интернэт холболтын шугамууд Лхагва гарагт тасарсан юм.

Үүнийг талууд хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Финландын эргийн хамгаалалтын алба Оросын газрын тосыг тээвэрлэж явсан хөлгийг уг хэрэгтэй холбогдуулан шалгахаар саатуулжээ.

“Eagle S” нэртэй уг хөлөг онгоц Күүкийн арлуудад бүртгэлтэй бөгөөд тасалдал үүссэн өдөр Балтийн тэнгисийн тухайн хэсэгт зорчиж байсан гэнэ.

“Бид үүнийг онц ноцтой хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзээд шалгаж байна. Сэжиглэгдэж буй хөлөг онгоц зангуугаараа кабел шугамд гэмтэл учруулсан байж болзошгүй” гэж Финландын Үндэсний Мөрдөн Байцаах Товчооны захирал Робин Лардот хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

“Eagle S” хөлгийг хориг арга хэмжээнд орсон Оросын газрын тосыг хулгайгаар борлуулдаг “сүүдрийн флот” гэгчийн нэг хэсэг гэж Финландын эрх баригчид үзэж байна.

Лхагва гарагт эхлээд Финланд, Эстони улсуудыг холбосон цахилгаан эрчим хүч дамжуулах шугам тасарсан юм.

Дараа нь хоёр улсыг холбосон Финландын Elisa компанийн хоёр шилэн кабель, Хятадын Citic компанийн эзэмшдэг бас нэг кабель гэмтсэн тухай Финландын харилцаа холбооны агентлаг Трафиком мэдээлсэн байна.

Бас Финланд, Герман улсуудыг холбосон Финландын Cinia группийн дөрөв дэх кабель энэ үед тасарчээ.

Финланд, Эстони улсуудын засгийн газрууд өчигдөр орой уг асуудлаар шуурхай хурал зохион байгуулахаар болсон байна.

2022 онд Украинд дайн эхэлснээс хойш Балтийн орнуудад тэнгисийн усан доогуур татсан цахилгаан эрчим хүч, харилцаа холбооны кабель шугам, хий дамжуулах хоолой гэмтэх явдал олон удаа тохиолдох болсон юм.

Өчигдөр саатуулагдсан “Eagle S” хөлгийг эзэмшдэг Арабын Нэгдсэн Эмират Улсад бүртгэлтэй Caravella LLCFZ компаниас одоохондоо ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

Хөлөг өчигдөр үдээс хойш Финландын боомтод, Финландын харуулын хөлгийн дэргэд ирж зогссоныг далайн тээврийн байршлын мэдээллийн сан Marine Traffic харуулжээ.

“Балтийн тэнгисийн усан доорх байгууламжуудад гэмтэл гарах давтамж нэмэгдсэн нь зөвхөн далайчдын санамсаргүй үйлдлээс болсон гэдэгт итгэхэд бэрх байна. Энэ нь улам бүр системтэй болж байгаагаас харвал хорлон сүйтгэх ажиллагаа байх өндөр магадлалтай” гэж Эстони улсын гадаад хэргийн сайд Маргус Цахкна мэдэгдсэн байна.

Арванхоёрдугаар сарын 16-нд Өрнөдийн 12 орон Оросын “сүүдрийн флот”-ын үйл ажиллагааг таслах зогсоохоор санал нэгдсэнээ зарлаж байв.

“Оросын сүүдрийн флотод харьяалагддаг хөлөг онгоцнуудын үүсгэх эрсдэлээс бид урьдчилан сэргийлэх чадвартай байх ёстой” гэж Финландын ерөнхийлөгч Александр Стубб өчигдөр Х хуудсандаа бичжээ.

Литвийн гадаад хэргийн сайд Кестутис Будрис сүүлийн үед Балтийн тэнгис дэх осол гэмтлийн тоо нэмэгдэж байгаа нь НАТО болон Европын Холбоонд далай доорх дэд бүтцийн хамгаалалтаа дорвитой сайжруулах шаардлагатай болсныг харуулж байгааг анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Reuters