Энэ онд хэрэгжсэн айлчлалын тоо түүхэн дээд түвшиндээ хүрснийг Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас онцоллоо.
Тус яам өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Монгол Улсын гадаад харилцааны агуулга, ач холбогдол, өндөр дээд түвшний айлчлалын талаар болон гадаадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж ажилласан талаараа танилцуулсан юм.
Улирч буй энэ онд
Мөн эдгээр айлчлалаар гадаад бодлогын тэнцвэр бүрэн хангагдаж байна хэмээн ГХЯ-наас тодотгосон.
ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа "Календарийн нэг жилийн дотор манай умард хөрш буюу Оросын Холбооны Улс(ОХУ)-ын Ерөнхийлөгч, урд хөрш буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-ын Дэд дарга Монгол Улсад айлчилсан. Түүнчлэн Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен айлчиллаа.
Айлчлалын үр дүнгээс дурдвал Холбооны Бүгд Найрамдах Герман Улс(ХБНГУ)-ын Ерөнхийлөгчийн хоёрдугаар сард хийсэн айлчлалын үр дүнд Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тус улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноор Монгол Улс анх удаа Төв Азийн оронтой Стратегийн түншлэлийн түвшинд харилцаж эхлэв.
Мөн Вьетнам улстай Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, анх удаа Зүүн Өмнөд Азийн улстай энэ түвшинд харилцаж эхэлсэн зэргээр харилцааны түвшин мэдэгдэхүйц дээшиллээ.
Монгол Улс сүүлийн жилүүдэд олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй ажиллаж буй бөгөөд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулж, 19 улсын төр, засгийн тэргүүн, парламентын дэд дарга, сайд нар, 10 гаруй олон улсын байгууллага, гадаад дотоодын 800 гаруй эмэгтэй манлайлагчийг оролцууллаа" гэсэн юм.
Түүнчлэн тэрбээр "Бид хоёр хөрштэйгөө улс төрийн харилцаа таатай, итгэлцлийн түвшинд өндөр байгааг гурван талт уулзалтууд, харилцан айлчлалуудаас харж болохоор буй. Манай улсын гадаад бодлого нь тэнцвэрийн зарчимд суурилдаг бөгөөд хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах зарчмыг баримталдаг. Мөн олон тулгуурт, гуравдагч хөршийн бодлого зэргийг дурдах ёстой.
Энэ онд хүлээн авсан хамгийн эхний томоохон айлчлал нь Европын Холбооны хамгийн том эдийн засаг бүхий ХБНГУ-ын төрийн тэргүүний айлчлал байлаа. Түүнчлэн Швейцар, Словени улсын төрийн тэргүүн нар айлчилсан.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай Монгол Улсын Гадаад харилцааны сайд хоёрдугаар сард Мюнхений бага хурал дээр уулзаад, долдугаар сард АНУ-д айлчилснаас ердөө 10 хоногийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчилж, нийтдээ гурван удаа уулзалт зохион байгуулав. Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад харилцааны сайд Монгол Улсад айлчилсан.
Үүний дээр АНУ-тай хийсэн эрчим хүчний яриа хэлэлцээ, УИХ-ын даргын Япон Улсад хийсэн айлчлал гэх зэргээр гуравдагч хөршийн бодлогод маш том ахиц дэвшил гарлаа.
Ерөнхийдөө 2024 он бол Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр улам бүр хангагдаж, бэхжих он жил байсан. Хэлбэр талаасаа олон айлчлал авч байна гэдгийг цаана агуулга талдаа тэнцвэр гэдгийг чухалчилж ярих ёстой.
Бүсчлэлийн утгаараа манай улс Зүүн Хойд Ази, Төв Ази гэсэн хоёр бүс нутгийн заагт оршдог. Өнгөрсөн хугацаанд Зүүн Хойд Азид чиглэсэн бодлого үр дүнтэй хэрэгжсэн. Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс, БНХАУ, ОХУ-тай өндөр дээд түвшинд харилцаж байна. Харин өнгөрсөн он жилүүдэд Төв Азийн улс орнуудад харилцах харилцаа тодорхой түвшинд үргэлжилж байсан ч сүүлийн 1-2 жилд байсан шиг идэвхтэй харилцаа хараахан явагдаагүй. Үүнийг сэргээх, идэвхжүүлэх Төв Азийн улс орнуудад хандах чиглэлийг шийдвэр гаргах түвшинд онцгой анхаарч байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!