Уншиж байна ...
Зураг
Зураг

Путин осолтой холбогдуулан Азербайжаны ерөнхийлөгчөөс уучлал гуйсан ч онгоцыг буудаж унагаснаа хүлээсэнгүй

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 9 цаг 41 минут
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийнх нь агаарын орон зайд болсон “эмгэнэлт” явдлын төлөө Азербайжаны ерөнхийлөгчөөс уучлал гуйжээ.

Гэхдээ тэр Азербайжаны иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг Оросын талаас буудаж унагасан талаар огт дурдаагүй өнгөрсөн байна.

Лхагва гарагт Азербайжан Айрлайнз компанийн Embraer 190 загварын нисэх онгоц Баку хотоос ОХУ-ын Чеченийн нийслэл Грозный чиглэлд нисэж байхдаа замаасаа хазайж, Казахстаны Актау хотын ойролцоо осолдсон юм.

Онгоцонд явсан 67 хүнээс 38 нь амь үрэгдсэн.

Мөрдлөгийн урьдчилсан дүгнэлтээр онгоцыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем буудаж унагасан нь тодорхой болсон.

Тухайн өдөр Украины дроны халдлагын улмаас ОХУ-ын Ар Кавказын бүс нутаг агаарын орон зайн хамгаалалтаа чангатгаад байжээ.

Өчигдөр Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай утсаар ярихдаа Путин “Оросын агаарын орон зайд гарсан эмгэнэлт явдлын төлөө хохирогчдын ар гэрийнхэнд гүн харуусал илэрхийлж, бэртэж гэмтсэн хүмүүст түргэн эдгэрэхийг хүслээ” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“Тухайн үед Грозный, Моздок, Владикавказ хотууд Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, Оросын агаарын хүчин эдгээр халдлагыг зогсоох арга хэмжээ авч байсан” гэж уг мэдэгдэлд бас өгүүлжээ.

Болсон явдалтай холбогдуулан “иргэний болон цэргийн мэргэжилтнүүд”-ээс мэдүүлэг авч байгааг Кремль бас мэдээлсэн байна. Гэхдээ гэм буруутныг олж тогтоох ямар нэг шалгалт явуулж буй талаар огт дурдаагүй юм.

Азербайжаны ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдэлд өгүүлснээр Алиев “Оросын агаарын орон зайд байхдаа онгоц гаднын физик болон техникийн хүчний нөлөөнд орсны улмаас жолоодлогоо алдаж, Казахстаны Актау хотыг чиглэж ниссэн” тухай Путинд тайлбарласан гэнэ.

Путиний мэдэгдлээс өмнө Кремлийн хэвлэлийн алба онгоцыг Оросын тал буудаж унагасан гэх яриаг няцааж байсан юм.

Энэхүү үйл явдал иргэний агаарын тээврийн нисэх онгоцнууд дайны талбараас хол зайд нисэхэд ч аюул эрсдэлтэй болсныг харуулж байна.

2014 онд нийт 298 хүнтэй Малайзын агаарын тээврийн MH17 нислэгийн дугаартай онгоц дорнод Украины нутаг дээгүүр өнгөрч байхдаа буудуулж унасан юм. Нидерландын мөрдөгчид онгоцыг Оросын БУК пуужингийн системээр унагасныг тогтоосон ч Москвагийн эрх баригчид үүнийг эрс үгүйсгэж байв.

2020 онд Ираны хувьсгалт гвард 176 хүнтэй зорчиж явсан Украины иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг бас андууран унагаж байлаа.

 

Эх сурвалж: Reuters