Уншиж байна ...
Зураг
Зураг

Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлснээр Улаанбаатар хотод дахиж цахилгаан хязгаарлахгүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан.

Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ.

Гэвч арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байсан юм.

Мэргэжилтнүүд ослын улмаас үүссэн эвдрэлийг шуурхай хянан засварлаж, энэ сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүчийг нийлүүлж эхлээд байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж буйгаас гадна Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж байгаа юм. Тиймээс цаашид Улаанбаатар хотын эрчим хүчний системд хязгаарлалт хийгдэхгүй болохыг мэргэжилтнүүд хэллээ.

зураг
 

Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн системд эрчим хүч нийлүүлэхийн тулд түр схемээр нүүрс татан зуухны галлагааг хийж, агаарын хөргүүрийн конденсаторын системийн угаалгыг дуусгасны дараа зуух, турбин, генератор болон бусад туслах тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай бүх хэмжилт, тохиргоо туршилтуудыг технологийн горим, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэн явуулсан байна.

Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн үе шаттайгаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 МBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй.

Эхний блок ийнхүү төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулна. Хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС