Уншиж байна ...
Зураг
Зураг

Бага ангийн сурагчдын үдийн хоолны түүхий эдийн зардлыг 2,500 төгрөг болгон нэмэгдүүллээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1,000 төгрөгөөр нэмэгдүүлж 2,500 төгрөг болгох шийдвэр Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаас гарчээ.

Мөн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2,000 төгрөгөөр нэмэгдүүлж 6,000-6,300 төгрөг болгон тогтоосон байна.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээнд 343,289 сурагч хамрагдаж, дотуур байранд 38,871 хүүхэд амьдарч байна.

Боловсролын яамнаас Японы олон улсын байгууллага ЖАЙКА-тай хамтран хийсэн судалгаанаас хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 3-4 дахин, кальцын хэмжээ 2.5 дахин бага, ясны нягт бага, Д амин дэмийн дутал 80 хувь гэсэн дүн гарсан нь хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийг нэмэгдүүлж, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангах шаардлагатайг харуулж байна.

Иймд энэ онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. 2025 оны улсын төсөвт үдийн хоол, дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэмж, 221 тэрбум төгрөг зарцуулахаар тусгалаа. Ингэснээр хүүхдийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, шим тэжээлийн хэмжээ, хоолны орц, найрлага сайжирч, олон нэр төрлийн хүнс хэрэглэх боломжтой болно гэж Боловсролын Яамнаас мэдээлэв.