Уншиж байна ...
Зураг
Зураг

Улсын хэмжээнд нийт 17,913 өрх, 7,329,400 толгой мал отроор нүүж байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна. 

Тодруулбал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутгаар 23 см, Завхан аймгийн Баянхайрхан, Увс аймгийн Улаангом, Хяргас, Малчин сумдын нутгаар 15 см, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумдын нутгаар 14 см, бусад нутгаар 0.0-13 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.

Мөн

  • Баян-Өлгий аймгийн Сагсай, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутгаар “цагаан зудын”,
  • Увс аймгийн Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг, Ховд аймгийн Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн, Завхан аймгийн Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз, Говь-Алтайн, Хөхморьт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Төв аймгийн Угтаалцайдам, Хэнтий аймгийн Баян-Адрага, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Халхгол сумын нутгаар /11 аймгийн 34 сум/ “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байгаа юм.

Улсын хэмжээнд нийт 17,913 өрх, 7,329,400 толгой мал отор, нүүдэл хийж байна. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-т хамрагдсан нийт  13,549 малчны санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй газар дээр нь ажлын хэсгүүд танилцсан гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

зураг
 

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ ард иргэдэд болон отор нүүдэл хийж байгаа малчдад  эмнэлгийн үйлчилгээг шуурхай хүргэх, тасалдуулахгүй байх, хот, хоорондын авто замын арчлалт, үйлчилгээг тасралтгүй хийх, зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэл өглөө.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан НОК-ын Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол олон нийтэд хүргэх, зудын эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг өгсөн юм. 

зураг