Уншиж байна ...
Зураг
Зураг

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” тоглолтыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж, ёслолын буудлага хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлээс жил бүрийн шинэ жилийн баярын өдрүүдэд, есөн дүүрэг болон Д.Сүхбаатарын талбайд иргэд, олон нийтэд зориулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

2001 оноос хойш жил бүр он солигдох мөчид иргэд Д.Сүхбаатарын талбайд цуглаж, хамтдаа шинэ оноо угтдаг болсон бөгөөд цугларсан иргэдэд зориулан “Улаанбаатарын мөнгөн шөнө” урлагийн тоглолтыг зохион байгуулж ирсэн. Энэ уламжлалын дагуу “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолтыг Д.Сүхбаатарын талбайн төв тайзнаа өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулна.

"Хурд", EMOTION хамтлагийн уран бүтээлчид, Поп Дива Наран, LUMINO хамтлаг тоглолтоо толилуулна.

Үүнээс гадна төв талбайд өнөөдөр 18:00-00:00 цагийн хооронд дулаан тохилог дулаан асарт урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ эрхлэх, халуун хоолны явуулын цэгүүд ажиллаж, иргэд олон нийтэд хүргэнэ. Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй газруудад улсын (ахлах) байцаагч, албан хаагчид хяналт тавьж, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллахаас гадна эмнэлгийн яаралтай тусламжийн баг бэлэн байдлыг ханган ажиллах юм.

Олон нийтийн үйл ажиллагааг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэн хүүхэд хамгааллын хөдөлгөөнт үйлчилгээ буюу шар хантаазтай мэргэжилтнүүд ажиллаж эрсдэлд өртсөн, эцэг эх асран хамгаалагчаасаа төөрсөн хүүхдийг нийслэлийн Соёлын төв өргөөний 1 давхар 104 тоотод түр байршуулах, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, эцэг, эхэд нь хүлээлгэж өгөх юм.

Мөн иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс болзошгүй гал түймрийн аюулаас хамгаалах онцгой байдлын 70 алба хаагч гал унтраах зориулалтын хоёр автомашинтай, он солигдох мөчид ёслолын буудлага хийх үеийн аюулгүй байдлыг хангуулан хамгаалалт, зохицуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Д.Сүхбаатарын талбай болон Бага тойруугаар 107, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 485 алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллана гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.