Өмнөд Солонгосын авлигатай тэмцэх агентлагийн мөрдөн байцаагчид бүрэн эрхээ түдгэлзүүлээд буй ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар өнөөдөр өглөө албан өргөөнд нь нэвтэрчээ.
“Бид ерөнхийлөгч Юнийг баривчлах захирамжийн гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж байна” гэж тус агентлагийн Өндөр Албан Тушаалтнуудын Авлигын Хэргийг Мөрдөх Албаны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр улс орон даяар цэргийн дэглэм тогтоох шийдвэр зарласантай нь холбогдуулан Юн Сүк Ёлыг баривчлах захирамжийг энэ долоо хоногийн эхээр Сөүл хотын шүүх гаргасан юм.
Мөрдөн байцаагчид түүнээс мэдүүлэг авахын тулд гурван удаа зарлан дуудсан ч хүлээж аваагүй тул шүүхээс ийм шийдвэр гаргуулжээ.
Баривчлах захирамжийн хүчинтэй хугацаа ирэх Даваа гарагт дуусах юм.
Ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг дэмжигчид түүний өргөөний гадна жагсаж байгаа. Жагсагчдын тоо амралтын өдрүүдэд нэмэгдэж, баривчлах ажиллагаанд саад учруулж болзошгүй тул мөрдөгчид өнөөдөр ажиллагаагаа яаравчлан эхлүүлж байгаа бололтой.
Баривчлах ажиллагаанд бас ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан саад учруулж болзошгүй байна. Юн Сүк Ёлын өмгөөлөгчид баривчлах захирамжийг “хууль бус” гэж мэдэгдээд байгаа.
Хэрвээ Юнийг баривчилж чадвал Сөүл хотоос өмнө зүгт оршдог Гвачон дахь Авлигатай Тэмцэх Агентлагийн төв байранд хүргэх юм.
Шүүхээс олгосон баривчлах хугацаа 48 цаг. Мөрдөгчид энэ хугацаанд багтан Юн Сүк Ёлоос байцаалт аваад суллах, эсвэл хугацааг нэмж сунгах хүсэлтийг шүүхэд гаргаж магадгүй байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!