Зигзаг хээтэй нэхмэл хувцсыг Италийн тансаг эдлэлийн брэнд болгож чадсан Розита Миссони 93 насандаа таалал төгссөнийг өчигдөр түүний Missoni Spa компани болон гэр бүлийнхэн нь мэдээлжээ.
Тэрбээр шинэ оны эхний өдөр буюу Лхагва гарагт нас барсан байна.
1953 онд Италийн хойд бүсийн Галларат хэмээх жижиг хотод Розита гар урлалын дэлгүүрээ нээсэн нь “Missoni” брэндийн эхлэл болсон юм.
Тэрбээр ороолт, алчуур нэхдэг жижиг үйлдвэрийн эзний гэр бүлд мэндэлж байжээ.
Розита хожим Оттавио Миссонитой гэрлэсний дараа хувцас загварын бизнесээ өргөжүүлснийг тэдний гурван хүүхэд, ач зээ нар нь үргэлжлүүлэн хөгжүүлсэн байна.
1958 онд тэд Rinascente их дэлгүүрт Missoni брэндийн дор үйлдвэрлэсэн эхний 500 цамцаа нийлүүлж байв.
Улмаар 1966 онд Милан хотод анхны шоугаа толилуулсан нь тус хотыг дэлхийн хувцас загварын төв болоход тусалсан гэдэг.
Зигзаг хээтэй өнгөлөг нэхмэл хувцаснууд Missoni брэндийн гол бүтээгдэхүүн юм.
Үүсгэн байгуулагчид бизнесээ 1997 онд хүүхдүүддээ шилжүүлсэн ч Розита загвар зохион бүтээх ажилд нь оролцсоор байжээ.
2013 онд Missoni компани 60 жилийнхээ ойг тэмдэглэхтэй зэрэгцэн тэдний гэр бүлд дараалсан эмгэнэлт үйл явдлууд тохиож байлаа.
Компанийн гүйцэтгэх захирал, ууган хүү Витторио Миссони болон бусад таван хүнийг тээвэрлэсэн нисэх онгоц Венесуэлээс хөөрөөд сураггүй алга болсон юм.
Онгоцны сэгийг зургаан сарын дараа Венесуэлийн нутгаас олох үед 92 настай өрхийн тэргүүн Оттавио Миссони нас барсан байна.
2018 онд Миссонигийн гэр бүл компанийнхаа 41.2 хувийг Италийн хөрөнгө оруулалтын FSI санд зарсан ч хяналтын хувиа хадгалж үлдсэн юм.
2021 онд тэдний отгон охин Анжела Миссони 24 жил хашсан уран бүтээл хариуцсан захирлын албан тушаалаасаа буусан ч Missoni компанийн ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллаж байна.
2021 онд Missoni Spa компанийн борлуулалтын орлого 104 сая евро хүрч байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!