Уншиж байна ...
Зураг
Зураг

Хятадын шүүх өсвөр насны хүүхдэд бүх насаар хорих ял оноожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хятадын шүүх өчигдөр өсвөр насны хүүхдэд бүх насаар хорих хатуу ял оноосон нь ховор тохиолдол байлаа.

Энэ оны гуравдугаар сард ангийнхаа хүүхдийн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн 13 настай хоёр хүүд Хэбэй мужийн шүүх шийтгэл оноожээ.

Шүүхийн тогтоолд хүүхдүүдийн нэрийг овгоор нь Зан, Ли гэж дурдсан байна.

Тэд ангийнхаа Ван овогтой хүүхдийн амийг хэрцгий аргаар хөнөөж, цогцсыг нь эзгүй ногооны хүлэмжид нууж байжээ. Аллагын дараа тэд Вангийн мөнгийг хувааж авсан юм байна.

Шүүх аллагыг төлөвлөж, гардан гүйцэтгэсэн Занд бүх насаар хорих ял, түүнд тусалсан Лид 12 жилийн хорих ял оноожээ.

Шүүхийн тогтоолд тэдний үйлдсэн аллагыг “онцгой хэрцгий” гэж дүгнэсэн байна.

Ар гэрийнхэн болон өмгөөлөгчийн мэдүүлснээр ангийнх нь гурван хүүхэд Ванг байнга дарамталж, дээрэлхдэг байжээ.

Тэдний нэг Ма овогтой хүүхдэд шүүх өчигдөр ямар нэг шийтгэл оноогоогүй байна.

Гуравдугаар сарын 3-ны өдөр Зан, Ван хоёр нэг скүүтер, Ли, Ма хоёр тусдаа скүүтер хөлөглөн эзгүй хаягдсан хүлэмж рүү явжээ.

Зан Вангийн амийг хөнөөх төлөвлөгөөтэй байгаа талаар Ли замдаа Мад ярьсан байна.

Хүлэмжид очсоны дараа Зан хүрзээр зэвсэглэн Ван руу дайрч. Ли түүнд тусалжээ. Үүнийг харсан Ма хүлэмжээс гарч явсан байна.

Вангийн амийг хөнөөсний дараа Зан, Ли нар цогцсыг нь нуугаад гурвуул хамт буцжээ.

Сүүлд Зан хохирогчийн гар утасны Вичат дансанд байсан мөнгийг Литэй хувааж авсан байна.

Тэр бас хохирогчийн гар утаснаас SIM картыг нь салгаж, устгуулахаар Мад өгч байжээ.

Сүүлд тэднийг байцаахад Ма нь аллага болсон газрыг цагдаа нарт зааж өгсөн юм байна.

Хятадын олон нийт энэхүү аймшигт хэрэг хэрхэн шийдэгдэхийг чих тавин хүлээж байсан юм. Хүмүүсийн зарим нь Лид оноосон ялыг хэтэрхий хөнгөн гэж үзэж байгаагаа сошиал орчинд илэрхийлжээ.

“12 жилийн хорих ял авсан хүүхэд залуу насандаа суллагдах юм байна. Суллагдсаныхаа дараа нийгмээс өшөө хонзонгоо авахгүй гэдэгт найдъя” гэж нэгэн Вэйбо хэрэглэгч бичсэнийг олон хүн дэмжсэн байна.

Сүүлийн жилүүдэд Хятадад янз бүрийн шалтгаанаар нийгэмд өширхсөн хүмүүс танихгүй хүмүүсийн амь насанд халдах явдал дараалан гарах болсныг тэр ийнхүү анхааруулсан бололтой.

 

Эх сурвалж: BBC