Уншиж байна ...
Зураг
Зураг

Сирийн түр засгийн газар төв банкаа эмэгтэй хүнээр удирдуулахаар томилов

Т.Давааням, ikon.mn
2024 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Сирийн түр засгийн газар төв банкны ерөнхийлөгчөөр Майса Сабринаг томилох шийдвэр гаргасныг албаны эх сурвалж мэдээлжээ.

Сирийн төв банк 70 гаруй жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй хүнээр удирдуулахаар болж байна.

Сабрина өмнө нь төв банкны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд банк санхүүгийн салбарт сүүлийн 15 гаруй жил ажилласан туршлагатай юм.

Дамаскийн Их сургуулийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр төгссөн тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сард Дамаскийн Хөрөнгийн Биржийн удирдах зөвлөлд төв банкийг төлөөлөн томилогдож байжээ.

Сирийн төв банкийг өмнө нь 2021 онд ерөнхийлөгч асан Башар аль Ассадын томилсон Мохаммед Иссам Хазиме удирдаж байсан юм.

Ассадын дэглэмийн үед хатуу төвлөрсөн удирдлагатай байсан Сирийн банк санхүүгийн салбарыг либералчлах ажил Сабринаг хүлээж байна.

Гэвч тус банк АНУ-ын тэргүүлсэн Өрнөдийн орнуудын хатуу хориг арга хэмжээн дор оршдог юм.

Ассадын дэглэм унах үеэр Сирийн үндэсний мөнгөн тэмдэгт их хэмжээгээр хулгайлагдсан гэдэг. Гэхдээ тус улсын эрдэнэсийн сан хөмрөг хөндөгдөөгүй үлдсэн юм байна.

Үүнд 26 тонн орчим алт хадгалагддаг гэдэг. Гэвч гадаад валютын нөөц нь 2011 онд иргэний дайн эхлэхэд $18 тэрбум байснаа одоо дөнгөж $200 сая үлдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Сирийн босогчдын удирдагч Ахмад аль Шараа засгийн эрхийг авснаасаа хойш хоёр дахь эмэгтэйг өндөр албан тушаалд томилж байгаа нь энэ юм.

Энэ сарын эхээр Айша аль Дибс түр засгийн газрын эмэгтэйчүүдийн хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож байв.

 

Эх сурвалж: Aljazeera