Уншиж байна ...
Зураг
Зураг

Английн нутгаас 166 сая жилийн өмнөх “Үлэг гүрвэлүүдийн хурдны зам” илэрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Английн өмнөд нутагт оршдог шохойн чулууны ордыг малтсан судлаачид 166 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн 200 орчим мөрийг нэг дор илрүүлсэн тухайгаа өчигдөр зарлажээ.

Оксфордшир гүнлэгийн нутгаас илэрсэн таван хэсэг мөрийг археологичид нийтэд нь “үлэг гүрвэлүүдийн хурдны зам” гэж нэрлэсэн байна.

Эдгээрийн дөрвийг нь Зауропод гэж нэрлэгддэг урт хүзүүт, аварга биет, өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүд үүсгэсэн гэж судлаачид дүгнэжээ.

Нас бие гүйцсэн ийм үлэг гүрвэлийн өндөр 18 метр хүрдэг байсан юм.

Харин дээрх мөрүүдтэй огтлолцсон тав дахь хэсэг мөр нь есөн метр өндөр биетэй махчин үлэг гүрвэл Мегалозаурынх болохыг тогтоожээ.

Үлэг гүрвэлүүдийн мөрийг өнгөрсөн зун илрүүлсний дараа 20,000 гаруй дижитал зургийг дроны тусламжтай буулгаж, гурван хэмжээст загварыг нь бүтээсэн байна.

Энэ нь үлэг гүрвэлүүдийн биеийн хэмжээ, алхалтын хэлбэр, хурд зэргийг цааш судлахад чухал материал болох гэнэ.

“Мөр маш сайн хадгалагдаж үлдсэн тул үлэг гүрвэл хөлөө тавих, өргөх үед шаварлаг хөрсний хэлбэр хэрхэн гажиж өөрчлөгдсөнийг харж болохоор байна. Нүх, хясаа, ургамал зэрэг бусад олдворуудыг судалснаар бид үлэг гүрвэлүүдийн туулж өнгөрсөн нуур орчмын газар орны төрхийг дахин амилуулж чадахаар болж байгаа юм” гэж Оксфордын музейн судлаач Дункан Мурдок тайлбарлажээ.

Археологийн олдворуудыг музейд шинэ үзмэр болгохоос гадна ирэх долоо хоногт цацагдах BBC сувгийн “Digging for Britain” нэвтрүүлэгт үзүүлэхээр болсон байна.

 

Эх сурвалж: Assocciated Press