Уншиж байна ...
Зураг
Зураг

Хамгийн ахмад насандаа олимпын алтан медаль хүртсэн гимнастикч эмэгтэй таалал төгслөө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 1 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Унгарын гимнастикч Агнес Келети 103 насандаа өөд боллоо. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үед холокостоос амьд үлдсэн еврей үндэстэн, олимпоос хамгийн ахмад насандаа алтан медаль хүртсэн тамирчин байв.

Талийгаач Будапештийн цэргийн эмнэлэгт зүрхний дутагдал, амьсгал давчдах зэрэг оноштой эмчлүүлж байсан юм.

Олимпын таван алт, нийт 10 медальтай Агнес 1952 онд болсон Хельсинкигийн олимпоос 31 насандаа анхны алтан медалиа хүртэж байсан бол дөрвөн жилийн дараа Мельбурны олимпод дөрвөн алтан медаль "түүж", хамгийн ахмад насандаа олимпын алтан медаль хүртсэн гимнастикч болсон түүхтэй.

1921 онд төрсөн Келети 1940 онд Унгарын аварга болж байсан ч удалгүй еврей үндэстэн гэдэг шалтгаанаар тамирчин байх эрхээ хасуулсан.

Унгарын Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны мэдээлснээр Келети Будапештаас өмнө зүгт байдаг нэгэн тосгоноос хуурамч бичиг баримтын ачаар нацистуудын үхлийн лагерьт цөлөгдөхөөс аврагдаж байжээ.

Харамсалтай нь түүний аав болон садан төрлийн нэг бус хүнийг энэ аюул тойроогүй юм.

Мельбурний олимпоос хойш нэг жилийн дараа тэр Израильд суурьшиж, хоёр хүүхэдтэй болсон бөгөөд гимнастикийн дасгалжуулагчаар ажилласан байна.

 

Эх сурвалж: BBC